Намын дарга, Ерөнхий сайдын албан тушаал, тамга тэмдгийг хамтад нь атгасан У.Хүрэлсүх уул уурхайтай “тэмцэж” эхэллээ. Асуудал нь уул уурхай, агуулга нь хууль бустай. Ерөнхий сайдынхаа энэ үйлдлийг олон нийт алга ташиж, хоёр гараа өргөн дэмжиж байна. Тэгэх ч нь аргагүй. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хэнд хэдий хэмжээний хэчнээн тусгай зөвшөөрөл “халаасан”-д нь явдаг эсэх тухай баргийн тойм мэдээлэл нийгэмд байдаггүй байв. Улс төр, эрх мэдэлтэй холбож харддагаас бус хэн ямар тусгай зөвшөөрөл эзэмшдгийг нь мэддэггүй байсан хэрэг. Харин энэ бүх эргэлзээг тайлахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх алх цохилоо. Танхимынхаа гишүүдэд үүрэг өгөв, таван сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулав.
Түүний энэ тэмцлийг олон нийт, улс төрийн хүрээнд өөр өөрийн байр сууриас ойлгож, бас хүлээн авч байна. Уул уурхайг тэр чигт нь хааж боож, хувийн хэвшил рүү дайрч байгаа мэт мушгин гуйвуулах зарим нь ч байна. Гэхдээ Ерөнхий сайдын алх дуугарсны дараа Монгол Улсын хэмжээнд 1100 байршилд 27405 га газар эвдэрснээс 8,8 мянган га газар буюу уул, ус, мод хамрах газар эзэн холбогдогч нь олдохгүй эвдэрснийг бид саяхан мэдэв.
Асуудал эрхэлсэн газар болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ бүгдийг унаган төрхөнд нь оруулахад хагас их наяд буюу 540 орчим тэрбум төгрөг хийх шаардлагатай буй тухай албан тооцоог хийжээ.
Мэдээж бага тоо биш. Улсын төсвийн 10 хувьтай тэмцэх энэ хэмжээний гамшгийг тусгай зөвшөөрөл нэрийн дор хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг компаниуд учруулжээ. Тусгай зөвшөөрөл авдаг ч нөхөн сэргээлт хийхгүй зөвхөн ашиг орлогын араас явсан тэдэнтэй Засгийн газар ийн тэмцэж эхэлсэн хэрэг.
Ямар ч байсан Монгол Улсын нийт газар нутгийн хэмжээнд 1.3 сая орчим га газрыг тусгай хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Энэ хүрээнд 10 гаруй жил хөрсийг нь сэндийчсэн Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг зарим компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, холбогдох нөхөн сэргээлтийг хийлгэхээр болж байна.
Тусгай зөвшөөрөлтэй байж болох ч хариуцлагатай хөрөнгө оруулагч байх зүй ёсны шаардлагыг гүйцэтгэх засаглалын зүгээс шаардаж эхэлсэн нь энэ. Өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат үед гаргасан шийдвэрийг ч эргэн харахаар болж байх шиг.
Өнгөрсөн хугацаанд олгосон буюу ашигт малтмалтай холбогдох тусгай зөвшөөрөл бүрийг шүүж, хууль зөрчсөн эсэхийг нь тогтооход цаг хугацаа шаардлагатай. Хүссэн болгон нь хийх ажил биш. Гагцхүү хууль бустай тэмцэх ажлын эхлэлийг энэ Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан нь чухал. Тэр одоо л зөв замаар алхаж байна. Нам дотроо шударга бустай хийж буй түүний тэмцэл нийт газар нутгийг хамарч эхэлсэнд асуудлын зангилаа оршиж байгаа хэрэг.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (38)