Засгийн газрын төвшинд уул уурхайтай “тэмцэл” өрнүүлж байгаа энэ цаг үед барилгын компаниудын асуудал давхар хөндөгдөж эхлэв бололтой.
Тодруулбал, ““Тайм констракшн” ХХК-ны захиалгаар Титан таур констракшн, “Ти Жи К” ХХК-ниудын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академийн хойд талд “Сити молл” цогцолбор барилгын талбайд барьж байсан цогцолбор хотхоны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс осол гарчээ. “Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь вагончигаас цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхарын хамгаалалтгүй лифний хонгил руу унаж нас барсан байна. Осол гарах үед “Сити молл” цогцолбор барилгын 4-р блокийн 16 давхар барилгын угсралтын ажил дуусаж, 11 дүгээр давхарт цахилгааны угсралтын ажил явж байсан байна.
Шалгалтын үеэр барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хаалт хамгаалалт, хашлага хийгдээгүй, хамгаалалтын байгууламжийг хар панериар түр хадаж тогтоосон нь аюулгүйн шаардлага хангахгүй, ажлын байрны эмх цэгцгүй байдал, гэрэлтүүлэггүй, дохио, санамж тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн эсэх нь тодорхойгүй байсан байна. Осол болохоос өмнө НМХГ-аас энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 02-01/283 дугаартай “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай” мэдэгдэл зөвлөмжийг захиалагч “Тайм констракшн” ХХК, “Титан таур констракшн” ХХК-иудад тавдугаар сард өгч байжээ.
Мөн 2019 оны зургадугаар сарын 17-ны өдөр “Тайм констракшн” ХХК-д шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт /Дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй/ зөрчилд зөрчлийн хэрэг үүсгэж торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч, 2 заалттай албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, гүйцэтгэлийн хяналт хийж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байжээ. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгаж эхэлжээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (6)