“UBIKE” төслийг хэрэгжүүлэгч, “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням “Шарк танк”-аас 250 сая төгрөгийн санхүүжилт авч чадсан нэгэн. Нийслэлд унадаг дугуйн хэрэглээг нэвтрүүлж, зөв хэвшилд сургах зорилготой хэмээж байсан тэрбээр залуусын үлгэр дуурайлал болж байв. Гэвч энэ оны гуравдугаар сард канабис хэрэглэсэн хэргээр саатуулагдаж, улмаар Зөрчлийн тухай хуулиар 10 хоног цагдан хоригдсон юм. Тэрбээр энэ талаар “Би анх удаагаа сонирхоод хэрэглэж үзсэн. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулсан. Дахиж огт хэрэглээгүй. Тухай үед надад ямар их итгэл алдарсан тухайгаа гэр бүл, найз нөхөд минь хэлсэн. Энэ үгийг сонсоод хүн их юм боддог юм билээ. Тиймээс дахиж алдахыг хүсээгүй. Тиймдээ ч ажилдаа анхаарлаа хандуулан завгүй ажиллаж байна. Тун удахгүй цахилгаан мотоцикль туршилтаар гаргана. Анхны загвар амжилттай болбол худалдаанд гаргана” гэсэн юм. Ингээд олны мэддэгээр Никель Ганбаагаас цөөн зүйл тодруулснаа хүргэе.
-Та “Шарк танк”-аас 250 сая төгрөгийн санхүүжилт авч улмаар унадаг дугуйн хэрэглээг нэвтрүүлэхээр зориг шулуудсан. Нийтийн хэрэглээнд унадаг дугуйн соёл багагүй сууж байна. Үүнд өөрийн тань хувь нэмэр багагүй бий болов уу. Энэ жил хэдэн дугуй түрээсэнд гаргасан бэ?
-Баярлалаа. Өнгөрсөн жил 200 дугуй түрээсэнд гаргасан. Харин энэ жил 100 дугуй л түрээсэнд гаргасан.
-Яагаад 100-гаар цөөрсөн юм бэ?
-Заримыг нь хулгайд алдсан. Зарим нь эвдэрсэн. Уг нь бараг 200 сая төгрөг зарцуулж авсан дугуй шүү дээ.
-Түрээсэлсэн хүмүүс нь эргүүлж өгөхгүй байна гэсэн үг үү?
-Яг ч тийм биш л дээ. Дугуй түрээсэлсэн хүмүүс маань зориулалтын паркт байрлуулах нь цөөхөн. Үүнийг нь далимдуулж, хулгайлах явдал их байна.
-Эргүүлж хэдийг нь олж авсан бэ?
-Цөөхөн дөө. “Танай дугуйг будаад унаж байна. Энэ аймагт, энэ дүүрэгт” гээд хүмүүс хэлдэг юм. Очоод үзэхээр яг л мөн байдаг. Зарим хүмүүс огт будаж өөрчлөөгүй унаж явдаг гээд боддоо.
-Цахилгаан мотоцикль хийж байгаа гэсэн. Туршилтын загвар бэлэн болсон уу?
-Хараахан бэлэн болоогүй байна. Ирэх есдүгээр сард бэлэн болчих байх. Хэрвээ амжилттай болбол үйлдвэрлэх гээд үзнэ дээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (17)