Хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ олны анхааралд өртөж явдаг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхжаргалын дахин нэг “хууль бус” үйлдэл олны хараанд өртөөд байна. Тэрбээр өмнө нь хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн хэргээр хэвлэлээр баалуулсан. Тодруулбал, АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ 233 сая төгрөгийн орлоготой, 5.7 тэрбумын төгрөгийн үнэлгээтэй гурван орон сууц, нэг үйлчилгээний оффистой. Банкинд 530 сая төгрөгийн хадгаламжтай, бусдаас 75 сая төгрөгийн авлагатай хэмээжээ. Гэтэл өөрийн нөхөр Рэнбазарын Эрдэмдэлгэртэйгээ хамтран байгуулсан Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Жаргалан гурав” хэмээх цэцэрлэгийнхээ талаар огт дурдаагүй гэх мэдээлэл цацагдсан юм. Түүгээр зогсохгүй Б.Мөнхжаргалыг НИТХ-ын төлөөлөгч болсон цагаас эхлэн улсын болон орон нутгийн төсвөөс ихээхэн хэмжээний татаас авч эхэлсэн талаар мөн мэдээлэл цацагдсан нь гал дээр тос нэмэхтэй адил зүйл болсон юм. Тэгвэл тэрбээр дахин нэг дуулианд холбогдоод байна.
Тодруулбал, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зорилтот бүлгийн 30 хүүхдийг зусланд амраахаар болжээ. Ажил гүйцэтгэх гэрээг захиалагчаар нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, гүйцэтгэгчээр “АХОБ” ХХК-ийн Сансар зусланг төлөөлж захирал Р.Эрдэмдэлгэр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Гэрээний хүрээнд 30 хүүхэд амраах, үүний төлбөрт 4 сая 950 мянган төгрөгийг ажлын тав хоногт багтаан шилжүүлэхээр болсон байгаа юм. Хамгийн гол нь Сансар зусланг төлөөлж гарын үсэг зурсан Р.Эрдэмдэлгэр нь нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхжаргалын авааль нөхөр аж.
Эндээс л нийслэлийн Засаг даргын орлогч дарга Б.Мөнхжаргал авааль нөхрөө төрийн ажилд зуучилдаг уу гэх шүүмжлэлд өртөөд байна.
Г.Батбаяр
Сэтгэгдэл (4)