Засгийн газрын шийдвэрээр Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлодог компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ хүрээнд “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын эзэмшлийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан юм. Мөн сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ зэрэг байгууллагаас бүрдсэн Ажлын хэсэг Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт ажиллаж, “Сэншивэе Монгол” компанийн үйл ажиллагааг зогсоосон юм. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн өчигдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан. Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийхийг холбогдох хуулийг дагуу даалгаж, орон нутагт хүлээлгэж өгөхийг даалгасан байдаг.
Гэвч Засгийн газрын шийдвэрийг үл огоорон үйл ажиллагаа явуулж байсан нэг компани тодорсон нь “Алтай голд”. Тус компанийн талбайд нутгийн иргэд ирж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардахад аймгийн болон өөрсдөөс цалинжуулдаг хэсэг бүлэг хүнийг олборлолтын хэсэг рүү оруулж маргаан үүсгэжээ.
Нэг үгээр “Алтай голд”-ынхон иргэдийг зохион байгуулалттайгаар зориуд турхирч, Ажлын хэсгийн шаардлагыг биелүүлэлгүй цаг гаруй хугацаанд эсэргүүцэл үзүүлсэн байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар “Алтай голд” компанийн захирал Ц.Мягмардорж нь “Монгол газар”-ын Ц.Мянганбаярт 600 сая төгрөгийн түлш зээлүүлжээ. Ц.Мянганбаяр түүнээс зээлсэн түлшнийхээ мөнгийг өнөөг хүртэл төлөөгүй учраас тэрнийхээ хариуд талбайг нь ашиглаж байгаа гэдгээ Ажлын хэсгийнхэнд өөрөө хэлжээ. Улмаар Ажлын хэсгээс тус компанийн үйл ажиллагааг зогсоож, цагдаагийн хамгаалалтад авсан байна.
“Алтай Голд” компанийн захирал Ц.Мягмардоржийг Өвөрхангай аймгийн Өлтийн амыг сүйтгээд хаясан. Бөөрөлжүүтийн гол, Онги голын эхийг юу ч үгүй болгосон хэмээн иргэний хөдөлгөөнийхөн ярьж байсан удаатай.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)