Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
Хууль бусаар болон эмх цэгцгүй олгосон уул уурхайн тусгай зөвшөөрлийг цэгцлэх гэсэн Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн шийдэл иргэдэд таалагдаж, сайшаагдсан ч харамсалтай нь алга ташилт удаан үргэлжилсэнгүй.
Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурлын үеэр тэрбээр “Шударга бустай тэмцэнэ” хэмээсэн ёсоор удалгүй тусгай зөвшөөрлүүдийг цуцлаж эхэлсэн юм. Түүний эл шийдвэрийн давалгаа Архангай аймгийн Цэнхэр сумын хөрсийг арав гаруй жил тонхичсон “Монгол газар” компанийн 13 лицензийг цуцлахаас үргэлжилсэн нь иргэдэд таалагдаж, ирэх сонгуулийн пи ар болж чадсан. Гэвч ашиг хонжоо хайгч “нинжа” нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хичээл зүтгэл түүнд өгсөн иргэдийн алга ташилт, сайшаал зэргийг хормын төдийд баллуурдаж орхилоо. Түүнийг уул уурхайн компаниудтай тэмцэхэд хүргэсэн иргэн хүртэл өөрөө “нинжа” байв. Уг шийдвэр эртэдсэн талаар ч зарим хуульч өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан жиргэж байна. Учир нь түүний гаргасан эл шийдвэртэй холбогдуулан Цэнхэр сумын уг хэсгийг нинжа нар эзэлжээ. Бүр уул уурхайн компаниудаас ч том багажтай гэх. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн багажаа ашиглан “олдсон дээр нь” гэсэн шиг байгаль орчныг синдийчиж өгч байна. Уг нь тухайн лицензийг цуцлахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд зааснаар уул уурхайн компанид сонсох ажиллагаа явуулах ёстой байжээ. Гэтэл түүнд үүнийг ойлгуулах зөвлөх ч тэр, хуульч тэр байсангүй бололтой. Өөрөөр хэлбэл, Байгаль орчноо авран хамгаалах эл шийдвэр эцсийн дүнд улам сүйтгэхэд хүрсэн нь энэ юм.
Түүнчлэн Ерөнхий сайдын уг шийдвэрт гомдсон “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр Засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжлэх талаар мэдээллээд байгаа. Уг асуудал Захиргааны шүүхэд шилжвэл Засгийн газар “унаж” магадгүй хэмээн хуульчид хэлж байна. Учир нь лицензийн асуудлаар гаргасан Засгийн газрын шийдвэр шүүх дээр цөөнгүй удаа ялаглаж байв. Хуулиа нягталж сайн хараагүйн балгаар татвар төлөгчдийн мөнгө үр дүнгүй хийсэхэд хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуудал дагаад гарч ирнэ.
Ерөнхий сайдад ойлгуулж хэлээгүй хуулийн зөвлөх хариуцлага хүлээх үү, эсвэл сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргасан Ерөнхий сайд толгойгоороо хариуцах уу. Хамгийн гол нь уг асуудал буцах эзэх, буух хаяггүй болж үлдэх вий гэсэн болгоомжлол нийнэмд бий болгосон нь нэгэнт тодорхой болов.
Мөн олон хоног “гацаанд” ороод байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд олонхийн бүлгийнхэн саналаа нэгтгэв. МАН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн барьсан санал тодруулбал, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, хугацааг таван жил болгох саналд шийдвэр гаргаж чадалгүй ийн гацаанд ороод байсан юм. Тэгвэл МАН-ын бүлгийн шийдвэрээр гишүүдийн тоог 99 болгож, хугацааг таван жил болгон нэмэгдүүлэх шийдэлд хүрлээ. Гэвч МАН-ын бүлгээс гаргасан уг шийдвэртэй АН-ын зөвлөл санал нийлэхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсээр байна. Тэдний зүгээс зарчмын хувьд Ерөнхийлөгчийн саналыг дэмжих буюу гишүүдийн тоо 108 байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй. Түүнчлэн зөвлөлөөс хуулийн төсөлд хэд хэдэн санал оруулахаар гаргасан бөгөөд олонхийн бүлэг хүлээж авахгүй бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд оролцохгүй гэсэн юм. Ямартай ч Ерөнхийлөгчөөс өргөн барьсан зарим санал ийн дэмжигдлээ. Ийнхүү хэд хэдэн удаа хойшлогдоод байсан УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногоос хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нэг алхам урашлах нь.
Түүнчлэн барилгын ажил нь зогссон компанид урьдчилгаа мөнгөө өгсөн иргэд амиа хорлохыг завдсан хэрэг гарав. Тодруулбал, “Нарны хүү Сарны охин” компнийн “Амар амгалан-3” байранд захиалга өгсөн 400 гаруй иргэн хохирчээ.
Хохирсон иргэдийн зүгээс уг компанид захиалга өгсөн урьдчилгаа мөнгөө гаргуулж авахыг шаардаж буй бөгөөд хэвлэл мэдээлэлд хандсан иргэдийн мөнгийг өгөхгүй мэтээр сүрдүүлж байна гэсэн юм.
Ийнхүү энэ долоо хоног нэг алхам урагшилж бас ухарсан долоо хоног болж өнгөрлөө.
Б.Лхам
Сэтгэгдэл (15)