Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас эмзэг цэгүүдэд хийх хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна.
Тодруулбал, тус газраас энэ сарын 14-15-ны шилжих шөнийн 02.45 цагийн орчим Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах цахим тоглоомын газрыг шалгалт явуулсан байна. Тус тоглоомын газар нь цагийн хуваарь хэтрүүлэн шөнийн цагаар насанд хүрээгүй болон өсвөр насны хүүхдэд үйлчилж байжээ.
Мөн тоглоомын газар тоглож байсан өсвөр насны 50 хүүхдийг хар тамхи хэрэглэсэн эсэх тестээр шалгахад зөрчил дутагдал илрээгүй аж. Харин тус тоглоомын газрыг цаг хэтрүүлэн ажилласан болон насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн зэрэг зөрчилд арга хэмжээ тооцжээ.
Энэ оны есдүгээр сарын байдлаар хар тамхи, мансуурулах бодистой холбоотой гэмт хэрэгт 14-18 насны зургаан хүүхэд, 18-25 насны 130 хүн холбогдон шалгагдсанаас зургаа нь ЕБС-ийн сурагч, 23 нь оюутан байна.
Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, шөнийн цагаар хэнтэй яваа, бусдад уруу татагдах болон учирч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс болгоомжлохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)