УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Монголбанкны Эрсдэлийн сангаар зээлээ төлүүлж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх яриа гараад байна. Үүнтэй холбогдуулан түүнээс дараах зүйлийг тодрууллаа.
-Монголбанк, “Монполимет” компнийн хооронд үүссэн арилжааны гэрээний асуудал яригдаж байна. Тухайн үед та тус компанийн захирлаар ажиллаж байсан. Яагаад зээлээ Монголбанкны Эрсдэлийн сангаар төлүүлсэн бэ гэдэг асуудал яригдаж байна. Та үүнд тайлбар өгнө үү?
-Иргэдийн дунд Монголбанкнаас зээл авдаг юм шиг ташаа мэдээлэл гарч байна. Монголбанк зээл олгодог газар биш. Тухайн үед үүссэн асуудал нь 2001-2007 оны үед болсон юм. Манай улсын эдийн засаг маш хүнд байсны зэрэгцээ “Алт-1” хөтөлбөр хэрэгжиж байсан үе. Тухайн үед уул уурхайн хэд хэдэн томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдаг байлаа. Тухайлбал, “Монголросцветмент”, “Толгойт”, “Монполимет” зэрэг 10 орчим компани үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. Эдийн засаг тогтворгүй байсан учраас Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Чулуунбат агсан санаачилга гаргаж, уул уурхайн компаниудтай арилжааны гэрээ хийсэн юм. Энэ нь ямар гэрээ вэ гэхээр олон улсын зах зээл дээр хувийн хэвшлийн компанийн олборлосон металлыг барьцаалж, арилжаа хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголбанк ирээдүйд өсөх үнийн ашиг дээр арилжаа хийж ажилладаг байлаа. Энэ нь ч ашигаа өгч 2006 оны УИХ-аар сайшаагдаж байсан юм. Монголбанк үйл ажиллагаагаа олон улсын түвшинд гаргаж чадсан учраас тэр шүү дээ. Эндээс үзвэл, Монголбанк тухайн үед хувийн компаниудтай хамтран ажиллаад тодорхой хэмжээний ашиг олсон байдаг. Гэтэл дараагийн Ерөнхийлөгч гарч ирэн хамтран ажиллаж байсан компаниудад мэдэгдэлгүйгээр арилжааг зогсоосон байсан.
Үүнийг нь бид жил гаруйн дараа мэдсэн. Энэ шийдвэрийг нь мэдээгүй байсан компаниуд арилжаа хийх хүсэлтээ хүргүүлж, металлаа нэмж өгөөд л байсан байгаа юм. Энэ байдлаар жил гаруйн хугацаа өнгөрсөн. Мөн Монголбанк алдагдал хүлээсэн тухай компаниудад мэдэгдэж, тухайн алдагдлыг компаниуд хамтран төлөх мэдэгдэл ирүүлсэн. Тухайн үед анх удаа арилжаа хийж үзэж байсан учраас дүрэм, журмаа мэддэггүй байсан юм. Тиймээс мэдэгдэх хуудасны дагуу үүссэн алдагдлыг нь төлж явсан. Хожим өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад төлөх ёсгүй байсан гэдгийг ойлгож, төлөлтөө зогсоон, шүүхээр асуудлыг шийдвэрлүүлсэн. Хамгийн гол асуудал Монголбанкинд өөрт нь байсан учраас банк өөрийнхөө үйл ажиллагаагаар уг асуудлыг зохицуулсан юм.
Учир нь Монголбанк аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэрээгээ өөрөө цуцалсан. Өөрийнх нь дотоод зохион байгуулалтын алдагдал байсан гэсэн үг. Тиймээс үүнийгээ аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэх гэсэн санаа байсан гэдгийг ойлгосон юм. Мөн олон улсын зах зээл дээр Монголбанкийг алдагдалд орсон гэдэг бичиг байдаггүй. Энэ маргаан 12 жил үргэлжилж байна. Жил жилийн ханшийн алдагдлаар нэг тэрбум төгрөгийг хоёр тэрбум, 10 тэрбум болгон ханшийн зөрүүгээр Монголбанк их тоглосон. Аж ахуйн нэгж, компаниуд үйл ажиллагаа явуулж байхад янз янзын маргаан гардаг л даа. Ингэж шийдвэрлэгдэж явсан олон маргааны л нэг шүү дээ.
-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг айлган сүрдүүлсэн, нэр хаяггүй цахим сүлжээгээр дарамталсан, сайтыг нь хакердаж хаалгасан гэсэн хардлага олон нийтийн дунд байна. Энэ талаар юу гэх вэ?
-Цахим орчны талаар би мэдэхгүй байна. Бидний цаг үе ч хол шүү дээ. Уг асуудлаар шалгадаг газраар нь шалгуулах хэрэгтэй.
-Дарамт үзүүлээгүй гэдгээ та яаж батлах вэ?
-Түүнд хэлсэн үг бол зөвхөн камерын өмнө хэлсэн л үг бий. Өөр зүйл байхгүй. Би түүнийг дарамтлаагүй.
-“Монполимет” компани Хөгжлийн банк зэргээс томоохон хэмжээний зээл авахад таны оролцоо их байдаг гэж ярьдаг. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Намайг гишүүн болсноос хойш “Монполимет” компани нэмж зээл аваагүй байх гэж бодож байна. Өмнө нь тодорхой бүтээн байгуулалтууд их хийж байсан. Тухайлбал, Европын хөгжлийн банкнаас зээл авч “Монцемент” үйлдвэрийг байгуулж байсан. Ер нь олон улс болон улс орны хэмжээнд томоохон бүтээн байгуулалтыг хийж байсан. Өнөөдөр бидний хийж, бүтээж байсан зүйлээр манай улс импортыг орлуулах “Монцемент” гэдэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэртэй боллоо. Энэ нь Монгол Улсын бат бөх хөгжлийн суурийг тавьж байна гэж харж байна. Ялангуяа Хөгжлийн банкны зээл яг ийм бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрт зориулагдах ёстой. Хөгжлийн банк бодитой төслүүдийг дэмжиж, бага хүүтэй, удаан жилийн төлөлттэй зээл олгож байх ёстой гэж боддог.
-Ер нь “Монполимет” компани зээл авчихаад эргүүлэн төлөөгүй эсвэл хугацаа хэтрүүлсэн асуудал бий юү. Одоо үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон нийтийн дунд эргэлзээ гараад байна л даа?
-Бүх төслүүд л зээл авч хэрэгждэг. Зээлээ удаж төлж болно. Зээлээ сунгаж болно. Энэ бол зээлдэгчийн эрх. Хамгийн гол нь зээлийг зориулалтаар нь зарцуулсан уу, зээлийн эдийн засгийн тоо зөв байсан уу гэдэг асуудал. Зарим хүмүүс авсан зээлээ зориулалтын бусаар ашигладаг зүйл ажиглагдаж байна. Тухайлбал, үйлдвэр барина гэж зээл авчихаад уг мөнгөөрөө казино тоглосон асуудал яригддаг. Мөн зээл нь хүрээгүй гэсэн судалгаа байдаг. Тухайлбал, автозам байлаа гэхэд 1 км-ийг 1000 төгрөгөөр барина гэж зээл авчихаад сүүлд нь 6000 төгрөг болчихсон асуудал Хөгжлийн банкнаас гарч ирж байсан. Тэгэхээр анхнаасаа л тооцоогоо зөв хийх ёстой. Хамгийн гол нь зээл авсан хариуцлагаа хүлээж, үүргээ биелүүлэх учиртай.
-Т.Аюурсайхан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг 2017 онд Монголбанкинд ажилласан. Энэ үед уг асуудал яригдаж эхэлж байсан юм билээ. Мөн таныг уг асуудал дэгдэхтэй зэрэгцэн тухайн үеийн УИХ-ын даргаар томилогдон ажиллаж байсан М.Энхболд дээр орж уулзаж байсан гэсэн?
-Ажлын хэсгийн шалгалтаар уг асуудлууд мэдээж гарч ирнэ. Монголбанктай холбоотой бүх асуудал сөхөгдсөн. Хамгийн гол нь зөв, бурууг ялгаж дүгнэх шаардлагатай байсан. Ажлын хэсэг буруу мэдээлэл авсан байсан. Энэ нь залруулагдсан байх гэж бодож байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (26)