"Та бүхэн минь туслаач"... Энэ үгийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан тэргүүтэй “Элэг нэгт монголчууд сан”-гийнхан уриалжээ. Энэ тухай сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Өнөө орой намайг энэхүү жижигхээн бичвэрийг бичиж , дараа нь та бүхэн үүнийг уншиж байхад Монгол Улсад минь 12-15 хүн хавдрын өвчний улмаас нас барж буй. Энэ үг үсгийг хэлхэж суухад хэн нэг нь хайртай бүхнийхээ элгийг эмтлэн энэ хорвоогоос буцсан ч байх. Манай улс элэг, ходоод, нойр булчирхай, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Жил бүр 6000 хүн энэ өвчнөөр өвдөж 4000 нь нас барсаар байгаа. Жил тутамд 4000 хүн нас барна гэдэг бол Халхын голын дайнд үрэгдсэн хүнээс олон байна гэсэн үг. Хамгийн аймшигтай нь, хамгийн харамсалтай нь энэ өвчнөөр өвдсөн бүхэн эмнэлгийн тусламж авч чадахгүй байна. Манай улсад хавдрыг илрүүлж эмчилдэг цорын ганц ХСҮТ нь ачааллаа даахаа больсон. Эмчид үзүүлэх, оношлуулах, хагалгаанд ороход 14 хоногоос хоёр сар хүртэл хүлээ шаардлагатай болдог. “Та хорт хавдраар өвдсөн” гэчихээд хоёр сар хүлээхэд хүн сэтгэл зүйн хувьд ямар болох вэ. Хөнгөвчлөх тасаг бол ёстой л азтай одтой нь хэвтдэг. Учир нь энэ тасаг ердөө 16-хан ортой. Уг нь хорт хавдраар өвдсөн л бол эмчилгээ нь төрөөс үнэгүй байх ёстой. Монгол Улсын иргэн бид өвдсөн бол эмчлүүлэх, амьд явах эрхтэй. Бас эмчлүүлж байгаад бурхны оронд очих эрхтэй. Гэтэл өнөөдөр энэ эрхүүд маань хөсөр хаягджээ. 1937 оны хэлмэгдүүлэлтээр айл бүхэн нэг хүнээ алдсан байдаг бол өнөөдөр өрх бүрт энэ өвчин сүүдрээ тусгажээ. Та бүхэн Хавдрын эмнэлгээр ороод харвал тэнд өр өвдөм нөхцөл байдлыг олж харах болно.
“Нарантуул” захаас ч олон хүн холхиж, дугаарлаж тэр бүхний харц бүгдийн доогуур бөхөлзөж, царайчлан нулимс нь тунарч , аргагүйдэн цөхөрч явааг үзэх болно. Учир иймээс сэтгүүлч миний бие өөрийн нөхдийн хамт “Элэг нэгт монголчууд сан”-гаараа мөн ХСҮТ-ийн хамт олонтой “Хавдрын шинэ эмнэлгийн цогцолбор” барих ажлыг эхлүүлж ТЭЗҮ-ийг нь хийж УИХ- ын гишүүн Х.Нямбаатарт хүлээлгэн өгсөн. Энэ эмнэлэг баригдвал Зүүн Азийн хэмжээнд оношилгоо эмчилгээний хамгийн том төв болох юм. Хорт хавдрыг өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө сэргийлэх боломж нээгдэнэ гэсэн үг. Мөн эрдэм шинжилгээний кабинетууд бий болно. Монголчууд бид гадагшаа өндөр үнэтэй эмчилгээнд явахгүй эх орондоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авч болох юм. Нийт өртөг 113 сая ам.доллар буюу 303 тэрбум төгрөг. 2020 оны төсөвт 60 тэрбум, 2021 оны төсөвт 120 тэрбум, 2022 онд 41,7 тэрбум төгрөгийг суулгахын тулд УИХ дээр лобби бүлэг байгуулахаар оролдож байна. Харин хамгийн том хүч бол ард түмэн та бүгд шүү дээ. Бид нэгдэж чадвал УИХ ын гишүүдийг, Засгийн газрын гишүүдийг хөдөлгөж чадна. Хайртай бүхнийхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө хорт хавдрын аюулыг цогцоор нь шийдэж чадах шинэ цогцолбор эмнэлгийн төлөө хамтын хүчээр зүтгэе.
Төрд мөнгө байхгүй биш, байгаа. Тэд Жастын Ш.Батхүү, Эрдэнэтийн Ч.Ганзориг нарын Эрдэнэт үйлдвэрийг “Стандарт” банкинд тавьсан 109 сая ам.долларыг энэ төр төлж чадсан. Нэг Хавдрын эмнэлэг барих өртөг байж. Оюутолгой татварын өр тэрбум 300 сая доллар байсныг Ч.Сайханбилэг хэрэгсэхгүй болгосон. 10 хавдрын эмнэлэг байж. Энэ төрд мөнгө бий, гагцхүү тэд ард олноо гэсэн сэтгэл үгүй учраас хөдлөхгүй байгаа юм.
Одоо бид өөрсдийнхөө төлөө хөдлөх хэрэгтэй. Бид эмчлүүлэх эрхтэй. Бид амьд явах эрхтэй. Бид өвдөхгүй байх эрхтэй. Бид эрхийнхээ төлөө тэмцэх эрхтэй. “Элэг нэгт монголчууд сан”-гийн тэргүүн, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Удирдах зөвлөлийн гишүүд ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, гавьяат жүжигчин поп дива Т.Ариунаа, МҮОНТ ийн хөтлөгч Б.Гантигмаа, ХҮСТ-ийн хүний их эмч Р.Мөнхбат, хүний их эмч Ч.Мөнхдэлгэр, БНСУ-ын Күүкминийн Их Сургуулийн хуулийн доткорант, багш Ц.Өнөрзаяа, хуульч О.Мягмарсүрэн нар та бүхнээс хичээнгүйлэн тусламж хүсч байгааг хүлээн авна уу” гэжээ.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хувьд хорт хавдартай холбоотой асуудлаар 2015 онд УИХ-ын гишүүдэд хандан захидал илгээж байсан удаатай. Агуулга нь улсдаа ганц Хавдрын эмнэлэгт сайн чанарын компьютер томограф байдаггүй тухай. Уг нь тухайн үед Эрүүл мэндийн яамнаас уг асуудлыг дэмжиж улсын төсөвт суулгасан ч Сангийн яам улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа хасчихсаныг тэрбээр ийн сануулсан хэрэг. Удалгүй түүний энэ санаачилгыг ардын уран зохиолч агсан Б.Лхагвасүрэн, дархан аварга А.Сүхбат, сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга С.Батцэцэг, жүжигчин Б.Амарсайхан, дуучин Т.Ариунаа, яруу найрагч Ц.Хулан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа тэргүүтэй олон хүн хүч түрж, тэр хэрээрээ нийгэмд цочроо өгсөн байдаг. Араас нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйлт зохион байгуулж байв. Цаашлаад “Цензургүй яриа-Хавдрын эсрэг” арга хэмжээг 2016 онд Чингис зочид буудалд зохион байгуулж, өөрөө илтгэл тавьж байсан билээ.
Энэ үеэс л мэддэг хэрнээ мэдэхгүй мэт сэдэв болсон хавдартай тэмцэх асуудал олон нийтийн тэр дундаа төрийн анхааралд орж эхэлсэн. Улмаар Хавдрын эмнэлэгт шаардлагатай тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг нийслэлээс нийлүүлсэн билээ. Харин өдгөө тэд Зүүн Азийн хэмжээнд оношилгоо, эмчилгээний хамгийн том төвийг бариулах санаачилга гаргаснаа УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт уламжилсан нь энэ байв. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг. Тэр тусмаа хорт хавдар. Төрийн хэмжээнд эл асуудалтай тэмцэх дорвитой шийдвэр гаргахгүй яваа Л.Мөнхбаясгалан тэргүүтэй “Элэг нэгт монголчууд” сангийнхан эмнэлэг бариулах асуудлыг хөндсөн нь авууштай. Энэ удаад тэднийг, уг санаалчилгыг халаглаад буцаах биш, харин ч хоёр гараа өргөөд дэмжих учиртай юм.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (33)