ОХУ-ын Екатринбург хотод боксын насанд хүрэгчдийн 20 дахь удаагийнДАШТ энэ сарын 8-21-нд болж байгаа. Тэмцээнд 91 орны 488 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний 57 кг-ын жинд Азийн наадмын аварга Э.Цэндбаатар Ирландын боксчин Курт Уолкерыг (5:0) илт давуу ялсанаар хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр боксын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын 12 дахь тамирчин болж байна.
Манай тамирчин нөгөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдах юм.
Монголын боксчид ДАШТ-ээс өмнө нь нийт 11 медаль хүртсэн байдаг. 1982 оны Мюнхений ДАШТ-ээс Р.Отгонбаяр мөнгөн медаль хүртсэн нь анхных бол 1993 онд Э.Цогтжаргал хүрэл, 1997 онд Т.Үйтүмэн мөнгө, 2007 онд Э.Бадар-Ууган мөнгө, 2009 онд П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 2011 онд П.Сэрдамба хүрэл, 2013 онд У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 2017 онд Д.Отгондалай хүрэл, 2018 онд М.Нандинцэцэг хүрэл медаль хүртэж байжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (6)