Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан, байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг эхнээс зогсоож байна. Энэ хүрээнд хувиараа алт олборлогч иргэдийн үйлдлийг мөн таслан зогсоож, алт олборлоход ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгохоор болсон юм. Тэгвэл Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажилласан байна. Дээр хэлсэнчлэн Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалтттай зохион байгуулж ажиллахыг тухайн орон нутгийн удирдлагуудад даалгасан билээ. Ажлын хэсэг 20 гаруй хоногийн өмнө гарсан энэхүү Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг газар дээр нь шалгахад зөрчил илэрсэн байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Агуйт гэх газарт ажлын хэсгийн гишүүд ажиллах явцдаа 47 иргэн хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэж байсантай таарч, цагдаагийн байгууллагад мэдээлж, хүлээлгэн өгчээ. Мөн долоон эксковатор бусад техник хэрэгслийг хурааж, лацадсан байна. Эдгээр иргэдийн алт олборлож байсан газар нь ус болон ойн сав газарт байх бөгөөд олборлолтын улмаас экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгалийн унаган төрх танигдахааргүй болсон байна. Дээрх иргэд алт олборлохдоо ашигладаг байсан тенхик хэрэгслээ ойн гүнд нуусан байхыг олж илрүүлсэн байна. Байгаль орчныг сүйтгэдэг энэ мэт үйлдэл таслан зогсооход бэрхшээлтэй байгаа учир олон нийтийн дэмжлэгийг авах ёстой гэж салбарын сайд энэ үеэр хэлсэн юм.
Г.Алимаа
Сэтгэгдэл (3)