Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар гурван ээлжээр хичээллэж байгаа хэчнээн сургууль байгаа болон ямар зохицуулалт хийж байгаа талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.
-Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг хэчнээн сургууль байна вэ?
-2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 25 сургууль гурван ээлжээр хичээллэж байна гэсэн албан ёсны тоо гарсан. Хичээлийн шинэ жилийн хувьд сургуулийн гурван ээлжээр хичээллэдэг байдлыг зогсоох талаар холбогдох боломжит санааг дэвшүүлэн ажиллаж байна. Учир нь өвлийн улиралд эрт харанхуй болдог учраас нэгдүгээрт, аюулгүй байдал, хоёрдугаарт, эрүүл мэнд чухал. Тиймээс уг сургуулиудын гурван ээлжээр хичээллүүлэхгүй.
Яамны зүгээс хөдөө, орон нутагт гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг дотоод нөөц бололцоогоо ашиглаад асуудлаа шийдэхийг даалгасан. Харин нийслэлийн хувьд сургуулийн өргөтгөл бариад ч гурван ээлжээс гарч чадахгүй байгаа асуудлыг гаргаж өг гэсэн чиглэл, албан бичиг хүргүүлэн ажиллаж байна. Хариуд нь “Нийслэлд 18 сургуулийн өргөтгөл бариад ч гурван ээлжээр хичээллэхийг нь зогсоож чадахгүй нь ээ. Арга хэмжээ авч өгөөч” гэсэн. Ингээд яамнаас дараагийн боломжит хувилбар болох түрээсийн байр ашиглаж болох аргачлалыг баталж гаргасан. Мөн гурван ээлжээр хичээллэдэг байдлыг зогсооё гэвэл бидэнд нэмэлтээр ийм хэмжээний анги танхим болон төсөв тооцоо шаардагдах талаар Сангийн яаманд бичгээ хүргүүлж, 2020 оны төсөвт суулгуулахаар зөвшөөрлөө авсан. Одоо түрээсийн байрны зохион байгуулалтын ажлыг хотын дарга хариуцан ажиллаж байна.
Гурван ээлжээр хичээллэж байгаа 18 сургуулийн тав нь шинээр сургууль барихгүйгээр дотоод нөөц бололцоогоо ашиглаж, энэ байдлыг зогсоож чадна. Харин төсөв мөнгөний асуудалд туслаач гэсэн хүсэлт гаргасан. Тухайлбал, сургуулийн нийтийн эзэмшлийн талбайгаа тасалгаа болгоё гэсэн. Энэ дагуу судалгаа хийж үзэхэд сургалтын менежерийн өрөө зэргийг суллаж, нэгтгэн шинээр анги танхим гаргавал гурван ээлжгүй болох боломжтой гэж гарсан. Мөн зарим сургуулийг голдуу их, дээд сургуулийн ашиглагдахгүй байгаа зай талбайг ашиглан түрээсэлж, хичээллүүлж байна. Ингэхдээ зарим их, дээд сургуулиуд сургуулийн байраа үнэ төлбөргүй ашиглуулахаар болсон. Одоогийн байдлаар нийт 11 сургууль түрээслэх тооцоо гараад байна. Үүнээс найман сургууль түрээсийн гэрээгээ байгуулаад хичээллэж байна.
-Ингэж түрээсэлж байхаар сургуулийн өргөтгөл барих ажлыг эрт эхлүүлж болоогүй юм уу?
-Тухайн онд барьж буй барилгын гүйцэтгэгч компаниуд хийх ёстой ажлаа хийж дуусгаад 2020 он руу шилжиж байгаа юм. Ийм л асуудал байна. Төсөв нь ондоо багтаад тавигдчихвал асуудал байхгүй. Бид шахаж, шаардаад л явна.
Уг нь нэмэлтээр барилга байгууламж баригдаж байгаа сургуулиуд уг байгууламж ашиглалтад орчихвол гурван ээлжээс гарчихна гэсэн тооцоо судалгаа өгч байсан боловч хугацаандаа ашиглалтад орж чадаагүй нэлээд сургуулийн өргөтгөл байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 107, 62, Хан-Уул дүүргийн зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Мөн Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийг түрээсээр хичээллүүлэх шийдвэр гарсан ч эцэг эхчүүд нь зөвшөөрөхгүй байгаа юм. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гаран ажиллаж байна. Харин бусад сургууль түрээсээр барилга байгууламжаа ашиглаад явж байна.
-Аль, аль их сургуулийн барилгыг ашиглаж байгаа юм бэ?
-Энэ хичээлийн жил их, дээд сургуульд 14 мянга орчим оюутан элссэн. Цөөн хүүхэд элссэнтэй холбогдуулан их, дээд сургуулийн анги танхим чөлөөтэй байна. Ихэвчлэн хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын анги танхимаа түрээсэлж байна.
-Улсын хэмжээнд яг хэчнээн сургуулийн өргөтгөл баригдаж байна вэ?
-Улсын хэмжээнд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд багтан 48 сургууль ашиглалтад орно. Энэ нь буулгаад шинээр барих, шинээр төлөвлөөд барьж байгаа өргөтгөлүүд юм. Уг нь бидний төлөвлөснөөр есдүгээр сарын 1 гэхэд 23 сургуулийн барилга, өргөтгөл шинээр нэмэгдэнэ гэж тооцоолж байсан. Ингэснээр нийслэлд 4000 суудал бий болно гэж байсан юм. Гэвч зуны улиралд бороо их орсон, мөн техникийн нөхцөл, газрын асуудал маргаан дагуулсан зэрэг шалтгаанаар нэлээд олон компани барилгаа хүлээлгэн өгч чадсангүй. Яамны зүгээс гүйцэтгэгч компаниудыг аравдугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгөхийг шаардаж байна. Одоогийн байдлаар зарим сургуулийн ганц, хоёр бүлэг гурван ээлжээр хичээллэх асуудал бий.
-Өргөтгөлөө хугацаанд нь барьж чадаагүй компаниудын эцсийн хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 31 юм байна. Гэтэл есдүгээр сар эхлээд дөнгөж нураагдаж байгаа зарим нэг сургуулийн барилга байгаа гэсэн. Шинээр баригдаж байгаа өргөтгөлүүд энэ ондоо баригдаж дуусна гэж та баттай хэлж чадах уу?
-Дуусна. Яагаад гэхээр зарим ажлууд 2018 онд эхэлсэн. Төсвийн хуулийнхаа дагуу өөр эрсдэл гарахгүй бол дуусна. Хугацаа графикийнхаа дагуу энэ онд багтаан хүлээлгэн өгөх ёстой.
-Их, дээд сургуулиудын ашиглагдахгүй байгаа талбайг хэчнээн төгрөгөөр түрээсэлж байгаа юм бэ?
-Хувийн их, дээд сургуулиудтай нэлээд олон хэлэлцээр хийсэн. Учир нь улсын төсөвт мөнгө байхгүй учраас энэ онд буюу 9, 10, 11, 12 сард ямар нэгэн төлбөр авахгүй. Ашиглуулсан төлбөрийг ирэх онд авах зохицуулалт хийсэн. 2020 оны улсын төсөвт их, дээд сургуулийн анги танхим түрээслэхэд 1.2 тэрбум төгрөг суулгасан. Зарим сургуулийн өргөтгөл энэ онд багтан дуусах учраас зарим нь ашиглаж дуусаад өөрийн байрандаа орно. Ер нь гурван ээлжээр хичээллэдэг асуудал 2020 он гэхэд жигдрэх тал руугаа орно.
-Та шинээр сургуулийн өргөтгөл бариад ч гурван ээлжээр хичээллэхийг зогсоож чадахгүй байна гэж дээр хэлсэн. Тэгвэл одоо хэдий хэмжээний сургуулийн өргөтгөл нэмж барьж байж энэ байдлыг зогсоож чадах юм бэ?
-Энэ жил ЕБС-ийг 18 мянган хүүхэд төгссөн. Энэ хичээлийн жил 80 мянган хүүхэд төгсөнө. Ирэх жил 27 мянган хүүхэд төгсөөд дахиад 82 мянган хүүхэд орж ирнэ. 2030 он хүртэл ЕБС-ийн хүүхдийн тоо өснө. Тиймээс энэ асуудал зөвхөн боловсролын салбарын асуудал биш болсон. Бид хэчнээн сургууль цэцэрлэг бариад ч энэ өсөлтийг давж чадахгүй байна. Тиймээс байгаа суудалдаа байгаа газраа хүүхдүүдээ оруулж, жигд тархаах асуудлыг зохицуулах шаардлагатай. 2500 км-ийн цаана байгаа сумын таатай орчныг бүрдүүлж байж жигд тархалт бий болно шүү дээ.
-Нийслэлд сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлт хоёр дахин их байна гэсэн тоо байна. Уг асуудал зөвхөн боловсролын салбарынх байхаа больсон гэж байна л даа. Тэгвэл боловсролын яам бусад яамдуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Нэг ани дунджаар 34-57 хүүхэдтэй байна. Ийм 38 сургууль бий. Үүнээс тав нь хөдөө орон нутагт. Хамгийн гол нь төвлөрлийг бууруулж, эдийн засгийн томоохон бодлогоор хөдөө орон нутагтаа амьдрах таатай орчныг бий болгочихвол төвлөрөл бий болохгүй. Дээрээс нь жигд тархана.
Төвийг дагасан ачаалал их байгаа учраас хөдөө орон нутгаас ирэх шилжилт хөдөлгөөн буурахгүй бол энэ ачааллыг давж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүн амын төвлөрлийг бууруулж, хөдөө орон нутагт амьдрах боломжийг нэмэгдүүлж байж энэ хүндрэлийг давна. Уг нь улсын хэмжээнд бүлэг дүүргэлтийн хэмжээ дөнгөж 28 шүү дээ. 100-аас доош хүүхэдтэй 100 сургууль байна гээд бод доо. Бодит байдал ийм л байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)