МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын зарим гишүүд УИХ-ыг тараахаар гарын үсэг зуруулах ажлыг зохион байгуулж байгаа талаарх мэдээлэл гарч байгаа. Энэ хүрээнд улс төрийн намууд өөрсдийн байр суурийг илэрхийлээд эхэллээ. Тухайлбал, МАХН-аас УИХ-ыг тараахыг дэмжинэ гэв.
МАХН-ын зүгээс “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчиж төрийн эргэлт хийх замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр улайрч байгаа МАН-ын гишүүд ард түмнийхээ итгэлийг хөсөр хаяж, 60 тэрбумын гэх хэрэгт анхнаасаа холбогдсон, УИХ-ын 49 гишүүн албан тушаалаа урвуулан ашиглан ЖДҮХС-аас хөнгөлөлттэй, бага хүүтэй зээл авсан. Эмэгтэй хүнийг хүчиндсэн, концесс, тендер, хүн амины хэрэгт нэр холбогдсон тул өнөөгийн УИХ цаашид ажиллах ёсзүйн эрхгүй. Хуульзүйн чадамжгүй гэж монголын ард түмэн үзэж байна. Иймд УИХ-ыг хугацаанаасаа өмнө таоах зүйтэй гэсэн шаардлагыг хүргүүлнэ” гэлээ.
Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Өнөөгийн УИХ ажиллах чадамжгүй гэдгийг олон удаа хэлж байсан. Үүнийг нь ч цаг хугацаа харуулж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аижл анхнаасаа хууль бус эхэлсэн. Үүнтэй холбоотой зохион байгуулсан бүх ажил нь Үндсэн хууль зөрчсөн хууль бус ажиллагаа болсон. Энэ ажиллагааг өөрсдөө хийчихээд бултахын тулд ард түмнээр асуулгаж байгаа нэртэй хам хэрэгтэн болгох гэж байна. Бид үүнийг эсэргүүцэж байна. Тиймээс энэ УИХ тарах нь зүйтэй.
Гишүүд өөрсдөд нь хохиролтой, ард түмэнд хэрэгтэй асуудал хэлэлцэхээс айж байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг зүйлийг хэлэлцэж байна. Учир нь уг хуулийг хэлэлцэж байх үед өөр асуудлыг хэлэлцэж болохгүй гэсэн зохицуулалттай байдаг. Үүгээр далимдуулж, бусад асуудлуудаас бултаж, хойш нь тавьж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын үйл ажиллагаа бол ард түмний ашиг сонирхлын эсрэг, хууль зөрчсөн, ёсзүйгүй ажиллагаа болж байна.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ыг тараах асуудлыг хөөцөлдөж эхлээд байгаа юм билээ. Үнэнд гүйцэгдээд тэр шүү дээ. Үүний цаана үнэхээр шударга ёсыг тогтоох гэсэн сонирхол байна уу, эсвэл луйвар булхайгаа нуун дарагдуулах гэсэн арчаагүй оролдлого байна уу. У.Хүрэлсүх Оюутолгойн гэрээ байгуулж байхад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Тухайн үед С.Баяр уг гэрээг байгуулах нь МАН-ын зорилго гэж ярьдаг байсан. Үүнийг нам нь ч дэмжиж байсан. Би уг гэрээг дэмжээгүй учраас хоёр тийшээ болж салж байсан юм. Хоёрдугаарт, МАН, АН хоёр нам хамтарч Дубайн гэрээг байгуулсан. Энэ асуудлыг хэлэлцээч, алдаагаа засаач гэхээр уг асуудлыг хэлэлцэхгүйн тулд санаатайгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яриад байна. Тиймээс гадаадынхны гар хөл болсон хүмүүсийн ажил. Магадгүй Рио Тинто-гийн захиалгаар сонгууль явуулах гэж байгаа. Оюутолгойн гэрээг л битгий хэлэлцээрэй. Дараагийн Засаг гартал хугацаа хожъё ч гэж байгаа юм билүү. Мөн утааны улирал эхэллээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж дуусмагц ЖДҮ-ийг шалгах гээд байна шүү дээ. Үүнээс л тэд айж байна. Энэ асуудлыг хэлэлцүүлэхгүйн тулд цаг хожиж, сонгууль явуулъя гэж байгаа байх. УИХ тарах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, тарах нь зүйтэй гэж байгаа ард түмний шударга шаардлагыг тонгорч өөртөө ашигтай байдал үүсгэж магадгүй. Гэхдээ ард түмэн маань ухаантай юм чинь дахин хууртахгүй байх гэж бодож байна” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (8)