УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах чимээ улс төрд хэдийнэ биежиж эхэллээ. Үг хэлж байгаа хүн бүрийн ялангуяа улстөрчдийн амнаас уг асуудал “ундарч”, өнөөгийн парламентыг өөрийн хүсэлтээр тарахыг шаардаж буй нь хэн бүхний нүдэнд ил өрнөж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжих, дэмжихгүй гэсэн томъёоллоор иргэдээс асуух Ард нийтийн санал асуулга явуулах өдрийн чимээ айлсахтай зэрэгцэн ээлжит бус сонгуулийн сэдэл парламентаас өдөлж, өндрөө авах нь тодорхой, цаг хугацааны асуудал.
Харин үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн зүгээс нэгэн саналыг тавьсан нь цаашид засаглалын хэлбэр ямар байх тухай. Парламентынх байх уу, Ерөнхийлөгчийнх нь байх уу гэдгийг ард түмнээсээ давхар асуух дайвартай түүний санал үндсэндээ биелэх боломжгүй. Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиар хаалттай.
Тэгэхээр ээлжит бус сонгууль явуулсан тохиолдолд шинэ парламент, нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийнхаа хүрээнд ажиллах нь сонгогчдод ээлтэй, эерэг тусна.
Цаашлаад хууль тогтоох дээд байгууллагад тангараг өргөсөн атлаа иргэдийн боломжийг хулгайлсан хуудуутай түшээдээс салах боломж сонгогчдод ирэхээрээ давуу талтай. Ёс зүйгүй, увайгүй үйлдлээс нь улбаалж намынх нь гэхээсээ парламентын нэр хүндийг навс унагаасан байдлыг аварна. Ядаж л нэр цэвэр хүмүүс гарч ирнэ. Тэр хэрээрээ парламентын засаглалаа хамгаалж үлдэх боломж нь ээлжит бус сонгууль байж мэднэ.
Гагцхүү УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь буюу 51-ээс дээш гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн парламентыг тарж, ээлжит бус сонгууль явуулахаар болбол нэг асуудал байна.
Тэр нь өнгөрсөн хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа хүрээнд улс төрд “Хаан”-ы энтэй явж ирсэн, засаглалын тогтолцоог өнөөдрийн байдалд оруулсан хүмүүс энэ удаагийн ээлжит бус сонгуулиас хол байх хэрэгтэй. Тэгж чадвал парламентын засаглалаа авч үлдэх гарц нь ээлжит бус сонгууль байх магадлал нь өндөр.
Эцэст нь хэлэхэд Н.Энхбаяр, М.Энхболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, С.Баяр тэргүүтэй "Хаан" мэт засаглаж байсан хүмүүс одоо улс төрийн тэтгэвэртээ гарах эсвэл номоо бичээд явах нь зүйд нийцнэ. “Хаан”-ы энтэй хүмүүс нь ээлжит бус сонгуулиас холуур байг гээд байгаагийн шалтгаан энэ.
С.Сүлд
Сэтгэгдэл (9)