Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АШУҮИС-ийн нэр бүхий багш нар захидал хүргүүлжээ. Тодруулбал, тус сургуулийн захирлаар ажиллаж байсан профессор Г.Батбаатарыг үндэслэлүйгээр халсан болохыг гурван шатны шүүхээс тогтоож, ажилд нь буцаан томилох ёстой гэсэн шийдвэр гарсан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй юм. Тиймээс шүүхийн шийдвэрийг биелүүлж, хуучин захирлыг албан тушаалд нь буцаан томилохгүй байгааг нэр бүхий багш, ажилчид ийн эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Уг асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт хандаж, захидал хүргүүлсэн ч өнөөдөр хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй юм байна. Тиймээс Ерөнхий сайдад ийнхүү хандаж байгаа аж.
АШУҮИС-ийн нэр бүхий багш нар захидалд:
ЗАХИДАЛ
Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх танаа
2019 оны 9-р сарын 19-ний өдөр
Эрхэм хүндэт Ерөнхий сайд таны энэ өдрийн амгаланг айлтгаж Монгол улсын тогтвортой хөгжилийн баттай үндэс суурийг тавих, Монгол оронд хууль зүй, ёс журмыг дээдэлсэн нийгмийн шударга ёсыг тогтоохын төлөөх Таны амаргүй боловч хүндтэй ажил, үйлсийг Монголын нийт ард түмний нэг хэсэг болсон бид дэмжиж байдгаа илэрхийлэн амжилт хүсье.
АШУҮИС-ийн нэр бүхий багш нар 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт захидал хүргүүлж энэ захидалдаа 2018 оны долдугаар сард АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг БСШУС-ын сайдын тушаалаар өөрчилж, Ж.Цолмонг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь хуулийн үндэслэлгүй болохыг Монгол Улсын гурван шатны шүүх тогтоож, профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан, шүүхийн энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарсан тухай дурьдаад профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь буцаан томилох шударга шийдвэр гаргахыг хүссэн байна.
Өнөөдрийн байдлаар БСШУЯ-наас энэ захидалд албан ёсны хариу ирүүлээгүй бөгөөд шүүхийн дээрх шийдвэр, захирамжийг биелүүлэх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй байна.
АШУҮИС-ийн профессор, багш бид Эрхэм хүндэт Ерөнхий сайд Танд хандан үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг судалж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд анхаарна уу хэмээн хүсч энэ захидлыг хүргэж байна.
Гүнээ хүндэтгэсэн АШУҮИС-ийн профессор, багш нар
Б.Баяраа (Био-АС). АУ-ы магистр
Д.Ангармөрөн (НЭМС). АУ-ы доктор
Д.Зулгэрэл (АУС). АУ-ы доктор, профессор
И.Пүрэвдорж (Био-АС). Биологийн ухааны доктор, профессор, МУ-ын гавьяат багш
Н.Золмөнх (Био-АС). АУ-ы доктор
О.Чимэдсүрэн (ЭрдС). АУ-ы доктор, профессор
Р.Оюунгэрэл (АУС). АУ-ы доктор, дэд профессор
С.Цогтсайхан (Био-АС). АУ-ы доктор, профессор
Т.Баясгалан (АУС). АУ-ы доктор
Ч.Гансүх (Био-АС). АУ-ы доктор
Л.Ажнай (Био-АС). БУ-ы доктор, профессор
Э.Одхүү (Био-АС). АУ-ы доктор, дэд профессор
М.Бадрах (АУС). АУ-ы магистр
Б.Батхүү (АУС). АУ-ы магистр
Л.Энхсайхан (Био-АС). АУ-ы доктор
О.Зэсэмдорж (Био-АС). АУ-ы доктор" гэжээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (15)