Жил бүр төрийн болон төрийн бус өмчит сургууль, цэцэрлэгт нэг хүүхдэд ногдох хувьсах зардал гэж олгодог. Энэ талаар БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаатай ярилцлаа.
-Боловсролын үйлчилгээ явуулдаг бүх төрлийн байгууллагад хувьсах зардал өгдөг гэсэн. Энэ яг юунд зориулсан төсвийг улсаас олгодог юм бэ. Тэгэхээр хувьсах зардал гэж юуг ойлгох талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Хувьсах зардал гэдэг нь нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын бараа үйлчилгээний бусад хувьсах зардал тухайлбал, хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх, бичиг хэрэг, ном хэвлэл, шуудан холбоо, интернет ашигласны төлбөр, дотоод албан томилолт, бага үнэтэй түргэн элэгдэх ахуйн эд зүйлс, хог хаягдал зайлуулах, бусдаар гүйцэтгүүлсэн нийтлэг ажил үйлчилгээ зэрэг эдийн засгийн ангиллуудаас бүрддэг. Эдгээрт зарцуулж байгаа зардлыг хувьсах зардал гэдэг юм. Боловсролын тухай хуулийн 40, 42, 43 дугаар заалт, сургуулийн өмнөх боловсролын 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь заалтуудыг үндэслэн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг тогтоодог. Төрийн болон орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг санхүүжих төсвийн төлөвлөлт хуваарилалт, зарцуулалттай холбоотой харилцааг төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчаар дамжуулан зохицуулдаг юм.
-Төрийн болон төрийн бус бүх цэцэрлэг, сургуульд олгогддог юм байна. Тэгвэл бүгдэд нь жигд хэмжээгээр олгох уу?
-Үгүй. Хувьсах зардлын дундаж хэмжээ нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх байгууллагын хүүхдийн тооноос хамаарч өөрчлөгддөг. Ингэхдээ төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт улсын төсвөөс хувьсах зардлын нормативын тухайн боловсролын сургалтын байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, боловсролын үйлчилгээ явуулж байгаа тусгай зөвшөөрөл, төсвийн төсөлд өгсөн санал зэргийг үндэслэн олгодог юм.
Тухайлбал, Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолоор төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээ, сургуулийн байршлаас хамаарч тогтооно гэж заасан байдаг. Сургалтын төлбөртэй нь уялдуулан тогтооно гэдэг нь таван сая хүртэлх төгрөгийн сургалтын төлбөртэй сургуулийн хувьсах зардлыг 100 хувь олгоно. Харин 5-10 хүртэлх сая төгрөг байвал 70 хувь, 10-аас дээш сая төгрөгийн сургалтын төлбөртэй бол 30 хувиар тооцож олгоно гэж тус тус заасан.
-Улсын сургууль, цэцэрлэгүүдийн хувьд ямар байх вэ?
-Улсын сургууль, цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг хаана байршилтай вэ гэдгээс нь шалтгаалж жилээр нь тооцдог. Тухайлбал, сум, аймгийн төвд хичээллэдэг цэцэрлэгийн нэг хүүхдийн жилийн хувьсах зардалд 905.3 мянган төгрөг гэж тооцдог бол сургуулийн хүүхдийн зардлын хэмжээг 437.900 төгрөгөөр тогтоосон байна. Харин нийслэл дэх цэцэрлэгийн хүүхдийн хувьд 807 мянга, ерөнхий боловсролын сургуулийн 374 мянга гэж тус тус заасан.
-Энэ хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн хэчнээн хүүхдэд хувьсах зардлын хэмжээг тооцон олгохоор төлөвлөсөн бэ?
-2019 онд төрийн өмчийн ерөнхий боловсролын 595.187, цэцэрлэгийн 232.517 хүүхдэд хувьсах зардлыг олгохоор төлөвлөсөн. Харин төрийн бус өмчийн сургуулийн 39361, цэцэрлэгийн 40293 хүүхдэд олгох тооцоо гарсан.
-Хувьсах зардалд олгогдсон мөнгөний зарцуулалтыг хэрхэн хянадаг юм бэ?
-Цэцэрлэг, сургуульд явж буй хүүхдийн тооноос хамаарч шалгалт явуулдаг. Өөрөөр хэлбэл, бүртгэл, ирцээр нь шалгана гэсэн үг. Уг хяналтыг тухайн орон нутгийн боловсролын газраас нь хяналт тавих ёстой.
-Хувийн цэцэрлэг 70, 80 хүүхэдтэй байлаа гэхэд зохиомлоор хүүхдийн тоог нэмэгдүүлж, хувьсах зардал олж авдаг гэж яригдаж байна. Энэ үнэн үү?
-Уг асуудал цахим бүртгэлтэй болсноор харьцангуй багасна гэж үзэж байна. Ингэснээр хүүхэд нэг л удаа регистрийнхээ дугаараар бүртгүүлнэ. Өөрөөр хэлбэл, улсын цэцэрлэгт явдаг хүүхэд хувийн хэвшлийн цэцэрлэгт давхар бүртгэгдэх боломжгүй гэсэн үг.
-Хувийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг цахим болгож байгаа юм байна. Тийм үү?
-Цахим болгох талаар ярьж байгаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)