Монголын парламентад гурван намын төлөөлөл бий. МАН, АН, МАХН гэсэн. Сүүлд намаасаа өрх тусгаарлаж ШИНЭ намыг байгуулсан Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүн парламентад суудалтай хэмээн өөрсдийгөө дөрөв дэх намаар зарласан. Гэхдээ тийм боломжгүй. ШИНЭ намыг парламентад суудалтай гэж үзэх хуулийн заалт ч үгүй. Нэг үгээр Ж.Батзандан, Л.Болд нар ШИНЭ намын удирдах албан тушаалтан байж болох ч Төрийн ордонд, парламентад тэд бол сул гишүүнд тооцогдоно.
Харин энэ парламентад нам бус ганцхан төлөөлөл бий нь С.Жавхлан. Үнэмлэхүй олонхийн парламентад бие даагч статустайгаар явж ирсэн тэрбээр Ж.Батзандан тэргүүтэй ШИНЭ намд элсэж шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж явсан цаг саяхан.
Ж.Батзандан, Л.Болд нарын хамт хөдөө орон нутгаар иргэдтэй уулзалт зохион байгуулж, гавьяат жүжигчин бус УИХ-ын гишүүний хувиар ая дуугаа хүртэл өргөж байв. Гэвч өнөөдөр тэрбээр усанд хаясан чулуу шиг бүгдэрч, бүр ор сураггүй алга болжээ. Л.Болд, Ж.Батзандан нартай хүчээ нэгтгэж тулгын гурван чулуу шиг явахаа илэрхийлсэн тэрбээр цахим хуудсаараа лайв хийж, улстөрчдийн хуудуутай, хууль бус үйлдлийг шүүмжлэхээ ч болиод удаж байна. Уг нь ШИНЭ намд элссэн нь үнэн л юм бол Ж.Батзандан, Л.Болд нартай хамт зогсох хүн нь С.Жавхлан биш гэж үү. Эсвэл Ж.Батзандан, Л.Болд нар С.Жавхлан гишүүнд цаасан малгай өмсгөөд өөрсдөө бултчихав уу?. Цаашлаад тэдний эрх ашиг нэг завин дээр багтахгүй хэмжээнд байв уу?, хэлж мэдэхгүй. Ямар ч байсан түүнийг Төрийн ордонд ч, сонгогдсон тойргийнхон ч эрэн сурвалжилж байгаа бололтой.
С.Сүлд
Сэтгэгдэл (5)