Азербайжаны Баку хотод уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 16-22-нд болж, манай хоёр тамирчин өрсөлдлөө. 37 дахь удаагийн тэмцээний туузтай дасгалд (нийт 152 тамирчин) Ц.Саруул 116, Х.Ундрал 143 дугаар байрт оров. Тэд үүнээс гадна гурван дасгалд өрсөлдсөн бөгөөд цагаригтай дасгалд (112) Х.Ундрал 81, Ц.Саруул 90 дүгээр байрт, бөмбөгтэй дасгалд (112) Ц.Саруул 101, Х.Ундрал, 109 дүгээр байрт, булавтай дасгалд (153) Х.Ундрал 118, Ц.Саруул 147 дугаар байрт шалгарсан амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Монголын баг тамирчдыг М.Булган, Ц.Тунгалаг, Х.Хулан нар дасгалжуулсан бол олон улсын шүүгч Б.Эрдэнэзаяа урьдчилсан шатны хүндрэлийн шүүгчээр ажиллажээ. Энэ тэмцээнд манай охид амжилт муутай оролцсон ч ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон Монголын анхны баг тамирчид юм. Олимпийн наадмын өмнөх жилийн тэмцээн тул оролцогчид чансаа өндөр, өрсөлдөөн ширүүн байсныг албаны хүн хэлж байна. Нэмж хэлэхэд хоёр сарын өмнө манай өсвөрийн гимнастикчид ДАШТ-д анх удаа оролцоход багийн дүнгээр 62 орноос 32 дугаар байрт шалгарсан юм.
Б.Жаргал