УИХ-ын гишүүн Л.Болд болон Ж.Батзандан нар УИХ-ыг тараах эсэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, УИХ дахь Шударга Иргэдийн Нэгдсэн эвсэл намын зөвлөлийн гишүүн Ж.Батзандан “Хэрвээ 51-ээс олон тооны гишүүнд УИХ-ыг тараах ёстой гэж үзвэл энэ зохион байгуулалтдаа эртхэн орох ёстой. Цаг алдалгүй шийдвэрээ албажуул” гэсэн юм. Мөн 2019 оны есдүгээр сарын 11-ний өдрийн УИХ-ын 73 дугаар тогтоолоор ард нийтийн санал асуулга явуулах тухай, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тухай тогтоол гарсан. Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Үндсэн хууль болон бусад хуулиудад зөвхөн хууль санаачлах хэлбэрээр оруулна. Тогтоолын хэлбэрээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулга явуулж болохгүй гэж хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах хэрэгтэй. Хүлээж авахгүй тохиолдолд ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоол нь хууль зөрчих магадлалтай байна" гэсэн юм. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Ард нийтийн санал асуулга явуулбал эндээс гарсан дүн эцсийнх байна гэж хуульд заасан. Тэгэхээр санал асуулга явууллаа гэхэд гарсан үр дүнг хууль бус гэж та бүхэн үзнэ гэсэн үг үү?
-Ерөнхийлөгчийн хориг зөв үндэслэлтэй. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.4-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна гэж заасан. Мөн 6 дугаар зүйлд нь Үндсэн хуульд хууль санаачлах эрх нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд гээд заасан. Хэлбэрийн хувьд хуулийн зөрчлийг арилгах нь зүйтэй гэж Ерөнхийлөгч хориг тавьсан. Тиймээс тогтоолын хэлбэрээ өөрчилж, хуульд нийцүүл гэдэг шаардлагыг манай намыг зүгээс тавьж байна. Энэ батлагдсан тогтоолын төслөөр ард нийтийн санал явуулбал гарсан үр дүн нь эцсийнх байх нь ойлгомжтой. Эндээс гарсан үр дүнг парламентаар дахин оруулах шаардлагагүй.
-УИХ хугацаанаас өмнө тарах ёстой гэдэг зүйл яригдаж эхэллээ. 47 гишүүн гарын үсэг зурсан гэсэн. Гарын үсэг зурсан баримтыг та бүхэн харсан уу. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон гэж та бүхэн үзэж дэмжиж байна уу?
-УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах ёстой гэдэг сөрөг хүчний зүгээс нэгэнт 34 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Нэгэнт мөнгө гаргаж байгаа юм чинь ээлжит бус сонгууль явуулъя гэсэн хариуцлагагүй зүйл ярьж байна. Ингэж болохгүй. Өнгөрсөн өвөл Монголд бараг л хувьсгал гарсан. -40 градусын хүйтэнд хэчнээн хүн жагслаа. Бид үүнийг арай хийж барьсан. МАНАН бүлэглэл амь бөхтэй юм байна. Энэ дэглэмийг устгахын тулд ээлжит бус сонгуулийг нэг хоногийн өмнө ч гэсэн явуулах нь зүйтэй. Монголын ард түмэн амар тайван амьдармаар байна. Үүний төлөө ээлжит бус сонгуулийг дэмжиж байна” гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (8)