Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан ард нийтийн санал асуулгыг ирэх аравдугаар сарын 30, 31-ний өдөр товлогдсон. Үүнтэй холбогдуулан ард нийтийн санал асуулга хэрхэн явагддаг талаар хуульч, судлаач, А.Алтанзултай ярилцлаа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга ард нийтийн санал асуулгаар төрийн удирдлагын хэлбэрийг иргэдээс асуух саналаа УИХ-д хүргүүлсэн. Ард нийтийн санал асуулгаар засаглалын хэлбэр асууж болдог юм уу. Ерөнхийлөгчийн энэ үйлдэл Үндсэн хууль зөрчсөн гэж зарим хуульчид байр сууриа илэрхийлж эхлээд байна?
-Хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд ард нийтийн санал асуулгад асуудал оруулах эрхтэй субъект нь Ерөнхийлөгч мөн. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа энэ процесст төрийн удирдлагын хэлбэрийг сонгох тухай асуудал оруулах эрх байхгүй. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах анхдагч төсөлд төрийн удирдлагын хэлбэрийг өөрчлөх асуудал тусгаагүй. Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Эдгээр хуулиудад төрийн удирдлагын хэлбэрийг өөрчлөх болбол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр биш шинэ Үндсэн хууль батлагдаж байгаа тохиолдолд энэ процесс явагдах ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь бүтцэд халдахгүй гэж заачихсан. Тиймээс парламентын засаглалтай байх эсэх нь суурь бүтэц, үзэл баримтлалын асуудал шүү дээ. Энэ асуудлыг Ерөнхийлөгч өөрөө санаачилж, асуудал оруулах эрхгүй.
Мөн “Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрхийг өргөтгөх, хязгаарлах, эрх хэмжээг нэмэгдүүлэх талаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах, санал өгөхгүй” гэж заасан. Учир нь төрийн удирдлагын хэлбэрээр санал авна гэдэг нь өөрийн эрх хэмжээг өргөтгөх агуулгаар яригдаж байгаа юм. Тиймээс төрийн удирдлагын хэлбэрийг солих асуудлаар Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд санал оруулах эрхгүй бөгөөд хууль зөрчиж байна гэж үзэж байна.
-Ард нийтийн санал асуулга явуулах бэлтгэл ажлыг хэрхэн хангах ёстой юм бэ. Ялангуяа, мэдээллээс хол байдаг иргэдийн хувьд шүүн тунгаахгүйгээр санал өгөх үү гэдэг асуудал бий?
-Манай улсад ард нийтийн санал асуулга явуулж байсан практик байдаггүй. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процесс хоёр саналтай нэг асуудал боловч энэ нь өөрөө 30 орчим заалттай. Заалт, зүйлт бүрийг ард нийтийн санал асуулгаар асуух нарийвчилсан зохицуулалт байхгүй. Гуравдугаарт, зүйл, заалт бүрийг асуух боломжгүй. Мөн хуулийн төслийн мэдээлэл одоог хүртэл олон нийтэд нээлттэй биш байна. Уг нь иргэд зүйл, заалт бүрээр нь уншиж танилцаж байж төслийг дэмжих эсэхээ шийднэ шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зүйл, заалт бүрээр нь ойлгоно гэвэл дундаж боловсролтой хүнд ч ахадна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэлэлцүүлгээс иргэд мэдээлэл авах боломжтой. Гэхдээ төлөвлөгөөтэй байхгүй бол тэр бүр мэдээлэл иргэдэд хүрч чадах эсэх нь эргэлзээтэй. Нэмэлт, өөрчлөлт орох 30 орчим зүйл, заалтыг тайлбарлаж байж үүний үндсэн дээр хүмүүс сонголтоо хийх ёстой.
-Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал уначихвал яах вэ. Санал асуулгад сонгууль өгөх насны бүх иргэн оролцох уу?
-Тийм. Ард нийтийн санал асуулга авах хуулийн дагуу явагдах ёстой. Ард нийтийн санал асуулга явуулахын үр дүн нь юу вэ. Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 50+1 буюу олонх нь зөвшөөрвөл тухайн нэмэлт, өөрчлөлтийг шууд батлагдсанд тооцдог. Хэрэв энэ хувьд хүрч чадахгүй бол уг төслийг хааж, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Үндсэн хууль хэвээр үлдэнэ гэсэн үг. Мөн үүнээс хойшхи найман жилийн хугацаанд Үндсэн хуульд гар хүрэх процесс үүсэхгүй. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн үед зарим дүүрэгт ирц нь хүрээд заримд нь хүрдэггүй асуудал гардаг. Хэрэв иргэд санал асуулгын үеэр очиж саналаа өгөөгүйн улмаас ирц нь хүрээгүй бол “иргэд дэмжихгүй байна” гэсэн агуулгаар тайлбарлагддаг. Тухайлбал, “Ард нийтийн санал асуулгад иргэдийн олонх нь оролцоогүй бол санал асуулгыг хүчингүйд, санал асуулгад оролцогчдын олонх нь татгалзсан санал өгсөн бол уг хуулийг батлаагүйд тооцно” гэж заасан байдаг юм.
-Ард нийтийн санал асуулгын суур нь одоогийн хуультай хэр зохицож байна вэ?
-Хууль зөрчсөн асуудал байхгүй гэж харж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийгээд ард нийтийн санал асуулга явуулж байна. Процессын хувьд алдаа харагдахгүй байгаа юм. Хамгийн гол нь томьёоллын асуудал дээр Үндсэн хуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дэмжигдэх үү, үгүй юу гэдгийг сонгоно. Гэхдээ 30 орчим заалтын томьёоллыг иргэд мэдээд зүйл, заалт бүрээр нь асуугаад явах юм уу гэхээр боломжгүй. Ийм жишиг байхгүй. Үүн дээр иргэд хэр зэрэг мэдлэг, мэдээлэлтэй байх үр дагаврыг нь хэр зэрэг ойлгоод дэмжинэ, дэмжихгүй сонголтыг хийх нь эргэлзээтэй байна. Түүнээс процесс нь хуулийн дагуу явагдаж байна.
-УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүйгээр цаашид үргэлжлүүлэх магадлал өндөр байна. Яг энэ чигээр ард нийтийн санал асуулгыг явуулбал яах бол. Та урьдчилсан прогнозоор юу гэж харагдаж байна вэ?
-Судлаачийн зүгээс харахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлэг хийсэн нь дээр гэж бодож байсан. Гуравдугаар хэлэлцүүлгээр томьёоллын хувьд улс төрийн нам эсвэл гишүүд өөрсдөө тохиролцоод хийх боломжтой байсан. Гэтэл шууд ард нийтийн санал асуулга явуулж байгаа нь хариуцлагаас зугтаж байна уу гэж харж байгаа. Хууль хэлэлцэж байх хугацаанд зөвшилцөх процесс явагдаж байгаа нь ажиглагдаагүй гэж дүгнэсэн. Үүнээс гарах арга замаа ард түмнээс асууна гэсэн нэрийн дор асуудлыг үргэлжлүүлж байна. Ард түмнээс асууж болно л доо. Энэ бол маш чухал зөвшилцөл. Гэхдээ ард түмэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой зүйл, заалтын агуулга, үр дагаврыг нь мэдэхгүйгээс болоод өөрийн чухал эрхийг дордуулсан нөхцөл байдал бий болгочих вий. Уг нь мэргэшсэн парламентын гишүүн, улстөрчид нь үндэсний нийтийн эрх ашгаа бодолцсон бол өнөөдөр ийм асуудалд хүрэхгүй л дээ.
-Зарим гишүүд УИХ-ыг тарааж ээлжит бус чуулган явуулах ёстой. Уг сонгуулийг ард нийтийн санал асуулгатай явуулбал ирц илүү бүрдэхээс гадна төсөвт хэмнэлттэй гэж тайлбарлаж байна. Энэ асуудал боломжтой юу. Та хуулийн үндэслэлээр тайлбарлаж өгнө үү?
-Үндсэн хуулийн нээмлт, өөрчлөлтийн хүрээнд ард нийтийн санал асуулгатай холбоотой асуудлаар УИХ-ыг тараах, эсвэл төрийн удирдлагын хэлбэрийг өөрчлөх асуудал огт хамааралгүй. Магадгүй УИХ тараах асуудлыг өөрсдөө санаачлах асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ процесст хамаарахгүй. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд явагдах ёстой. Гэнэтийн шийдвэр, гэнэтийн томъёолол хийхийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиар хориглочихсон. Төсөлд байхгүй шинээр зүйл, заалт нэмэхийг хориглодог юм. Тиймээс УИХ-ын тарааж, ээлжит бус сонгууль явуулна гэсэн асуудал байхгүй. Бид хуульд захирагдах ёстой.
Б.Лхам
Сэтгэгдэл (9)