“Бид уучлахгүй хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Мөнхцэлмэг, "Автомашинтай жагсагчид"-ын зохицуулагч Б.Цэгмэд нар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шаардлага хүргүүлж, хуулийн хугацаанд албан ёсоор бичгээр хариу өгөхийг хүслээ.
Уг шаардлагад, “Бид уучлахгүй хөдөлгөөнөөс 2019 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 01/10 дугаартай албан бичгээр Авлигын эсрэг хуулийн 13.2-т заасныг үндэслэн хөрөнгө орлого нь огцом өссөн нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлт өгсөн болно. Хүсэлт илгээснээс хойш УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос албан ёсны хариу ирээгүй тул дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд,
Нэг. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурлыг зарлаж, нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах,
Хоёр. Бид уучлахгүй хөдөлгөөний 2019 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 01/10 дугаартай албан хүсэлтийн хариуг бичгээр ирүүлэхийг шаардаж байна” гэжээ.