Хүүхдийн ертөнц. Ирээдүйд гэрэлтэх ертөнцөө хар буруу санаагүй цав цагаахан сэтгэлээрээ зурдаг ийм л гэгээн үе. Ийм л гэгээн ертөнцөд хар сүүдэр буух учиргүй. Гэвч...
Таны хүүхэд хэнтэй нөхөрлөж, хаана, юу хийж явааг асууж, анхаарал хандуулдаг уу гэдгийг таниас асууя. Эцэг, эхчүүд бидний үр хүүхэддээ тавих анхаарах сул байгаагаас болж аливаа төрлийн гэмт хэргийн золиос болох нь их байна. Тиймдээ ч энэ оны есдүгээр сарын байдлаар 26 хүүхэд хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгт өртсөн гэх тоон үзүүлэлт байна.
Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Учир нь хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг далд хэлбэрээр үйлдэгддэг. Хамгийн наад захын тоо дурдахад 2017 оны долдугаар сарын 1-нээс 2019 оны наймдугаар сарын хооронд цагдаагийн байгууллагаас давхардсан тоогоор 394 иргэнд торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ. Түүнчлэн бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулж орон байраар хангадаг, массажист нэрээр бусдын биеийг үнэлүүлэх ажлыг зохион байгуулдаг давхардсан тоогоор 100 орчим саун массажны газрыг илрүүлж, массажист нэрээр биеэ үнэлж байсан 511 охид, эмэгтэй бийг тогтоожээ. Улмаар гэмт хэргийн илрүүлэлт 41 хувиар өссөн байна.
Цагдаагийн байгууллагаас охид, эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдийг бусдад зуучилдаг сэжигтэй этгээдүүдийг илрүүлж, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоохоор эрчимтэй ажиллаж байна. Гэвч энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй харин ч өссөөр байгаа нь хууль, эрх зүйн зохицуулалт дутмаг байгаатай холбоотой юм.
Гэмт хэрэгт өртөж, хохирсон насанд хүрээгүй охидыг ихэвчлэн бага насанд нь эцэг эх нь салсан, хойд эцэг, эхтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ямар нэг хүчирхийлэлд өртөж байсан, гэр орондоо байх сонирхолгүй, эцэг эхийн хараа хяналт сул зэрэг нөхцөл байдалтай байдаг аж.
Уг хэргийг зохион байгуулдаг этгээдүүд өмнө нь ял шийтгэл эдэлсэн, бүлэг зохион байгуулалттай этгээдүүд охид, эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулж үйлддэг байна. Улмаар түрээсийн байр, нийтийн орон сууц, зочид буудлын өрөө гэх мэт газар хорьж хүчээр биеийг үнэлүүлдэг талаар хуулийн байгууллагынхан хэлж байна.
Тиймээс хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгохгүйн тулд нэн тэргүүнд гэр бүлийн хүрээнд эцэг эхчүүд охидууддаа тавих хараа хяналтаа сайжруулах, төлөвшүүлэх, сэтгэл заслын эмчилгээ хийх шаардлагатай байгаа юм. Учир нь энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн охид эргээд гэрээсээ дайжиж гудамжинд гарснаар өөр этгээдүүдэд олзлогдож, дахиад бэлгийн мөлжлөгт өртөх магадлал өндөр байдаг аж.
Хамгийн гол нь хуулийн байгууллагынхан эрэл хайгуул хийж илрүүлэхээс гадна бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулж, орон байраар хангадаг, биеэ үнэлэхийг зохион байгуулдаг саун, массаж, дэн буудлуудыг цэгцлэх хэрэгтэй байна. Тиймээс л хотын дарга аа гэмт хэрэг ихээр үйлдэгддэг энэ төрлийн газруудын хаалгийг нь барьж, ирээдүй болсон охид, эмэгтэйчүүдээ бэлгийн мөлжлөгөөс хамгаалах нь зүйтэй биз ээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)