Түүхий нүүрс нийслэл рүү оруулахыг хориглосон шийдвэр гарч, шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд дөрөв орчим сар өнгөрч байна. Энэ хугацаанд иргэдийн зүгээс “Сайн халж байна”, Халаахгүй байна”, “Байшин халааж дийлэхгүй байна” гэсэн бол зарим нь Засгийн газраас өрнүүлсэн ажилд талархалтай хандаж буйгаа илэрхийлж байсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд шахмал түлшнээс иргэд хордсон байж болзошгүй тохиолдол илэрч шуугиан тарилаа. Тодруулбал, угаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага, мэдээлэл Хордлогын яаралтай тусламжийн төвд иржээ. Үүнээс үүдэн 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч дөрвөн иргэн амь насаа алдсанаас хоёр нь хүүхэд байсан юм. Үүнтэй холбогдуулан энэ сарын 5-ны өдрийн 21.30 цагт Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх үүрэг өгсөн юм.
Энэ сарын 6-ны өдрийн байдлаар угаарын хийнд хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй 35 иргэн эрүүл мэндийн байгууллагуудад хандсан байна. Уг асуудлаар Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл хийсэн юм. Орлогч дарга Ж.Батбаясгалангийн хэлснээр хийнд хоргодсон иргэдийн зургаа нь хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгийн хэлснээр түлшний буруу хэрэглээнээс хордсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Тэрбээр “Бид иргэдэд хүрч буй сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэгдсэн цагаас нь эхлэн байнга шинжилж ажилласан. Тухайлбал, 2019 онд сар бүрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд чийглэг, үнслэг, хүхэр, илчлэг, бат бэх чанар зэрэг үзүүлэлтүүд тухай тухайн үедээ бүгд стандартад нийцэхүйц дүнтэй гарсан. Өнөөдрийн байдлаар 200 мянган айл энэ түлшийг хэрэглэж байна” гэж мэдэгдэв.
Мөн ЭХЭМҮТ-ийн хандалт, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж “Энэ сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө угаарын хийнд хордсон гэх дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, нийт 28 иргэн эмнэлгийн тусламж авсан ч дөрвөн иргэн амь насаа алдсан. Улмаар угаарт хордсон хүний тоо 35 болсон бөгөөд 16 настай хүүхдийн биеийн байдал хүнд байна. Ирсэн хүмүүс бүгд ижил нэг шинж тэмдэгтэй ирсэн. Угаарын хордлоготой ирсэн” гэсэн мэдээллийг хэвлэлд өгчээ.
Уг асуудлаар хордсон иргэдийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТАЛААР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГААС ЯМАР ШИЙДВЭР ГАРГАВ
Угаарын хийнд иргэд хордсон гэх асуудал үүсэхээс өмнө буюу өнгөрсөн есдүгээр 13-ны өдрүүдэд сайжруулсан түлшний талаар санаатайгаар худал мэдээлэл тараасан иргэн, аж ахуй нэгжийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг Цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газарт хотын дарга С.Амарсайхан үүрэг болгож байсан юм.
Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сараас эхлэн сайжруулсан түлшний “Сайн” картыг иргэдэд тарааж эхлэсэн. Ингэхдээ айл өрх бүрт үнэгүй тараана гэдгийг ИТХ-ын төлөөлөгч, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гантулга мэдэгдэв. Мөн тэрбээр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ түүхий нүүрс түлж мэдээлэл өгсөн иргэнийг шахмал түлшээр шагнана гэсэн юм. Ийнхүү “хов” хүргэсэн иргэдийг шахмал түлшээр шагнахаар болов.
Тэгвэл шахмал түлшний талаар цахим хуудсаар хөрвөж буй иргэдийн сэтгэгдлээс хүргэе.
Б.Лхам