УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар баталсан хуваарийн дагуу ажлын хэсэг болон байнгын хороод хуралдаж байна. Энэ дагуу Ёс зүйн дэд хорооны хуралдаан 12.00 цагаас товлогдсон байсан ч цагтаа эхлээгүй байна. Тус дэд хороо нь есөн гишүүнтэйгээс одоогоор дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, М.Энхболд, С.Бямбацогт гэсэн дөрвөн гишүүн ирээд байна.
Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-ЭРдэнэ "Чуулганд огт суудаггүй Наранхүү гишүүнийг Ёс зүйн дэд хорооноос хасаж өгнө үү" гэсэн хүсэлтийг гаргаад байсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлаар Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар хэлэлц гэдгийг сануулсан. Энэ дагуу хорооны дэд хуралдаанаар УИХ-ын зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай болон УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцэх байсан юм.
Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг энэ оны зургадугаар сард томилсон. Үүнээс хойш дэд хорооны ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар удаа дараа хойшилсон юм.
Г.Нацаг