Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус хорооны гишүүн Л.Болд нарТөрийн ордонд хэвлэлийн хурал хийж, Олон лусын парламентын холбоо /ОУПХ/-ноос Монгол Улсад 2019 оны 6-р сарын 5, 6, 7-ны өдрүүдэд ажилласан тайлангаа ирүүлснийг танилцууллаа.
Түр хорооны дарга Ж.Батзандан хэлэхдээ:
ОУПХ-ны дэргэдэх Хүний эрхийн хорооноос тайлангаа УИХТГ-ын Гадаад харилцааны хэлтэст 9-р сарын 6-ны өдөр ирүүлсэн байтал уг тайланг сарын дараа буюу 10-р сарын 4-ний өдөр Түр хороонд өгсөн. Энэхүү тайланг санаатай, санамсаргүй алин боловч бүтэн сарын турш нуун дарагдуулсны улмаас Монгол Улс Хүний эрхийн хороонд тайлангийн хариуг өгөх хугацааг хэтрүүлж, ноцтой алдаа гаргалаа. Гурав хоногийн өмнө гадаад харилцааны хэлтсийн дарга солигдсоноор энэ захидал бидэнд ирлээ.
МАНАН-гийнхан нууж тоглодог юм байна, тэгвэл МАНАНтай тэмцэгчид тэр нууцыг нь ил болгоно. Л.Болд гишүүн бид хоёрт нууц задалсан хэргээр хоёр удаа Эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Нэгдүгээрт, Т.Чимэгээд архи өгч мэдүүлэг авсан байна гэж мэдэгдсэний төлөө Б.Хурц болон түүний өмгөөлөгч эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шүүхэд гомдол гаргасан ч энэ нь эрүүгийн хэрэг биш байна гээд хэрэгсэхгүй болгосон. Хоёрдугаарт, Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг телевизээр үзүүлсний төлөө бас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч эрүү шүүлтийн бичлэг нь нууцаас хэдийнэ гарсан байсан тул энэ хэргийг хаасан.
Энэ удаа хууль бусаар “нууц” гэсэн дардас дарсан энэ бичгийг та бүхэнд үзүүлсний төлөө шоронд орох хэрэгтэй бол бид шоронд нь орно, эгэл жирийн Монгол иргэнийг эрүүдэн шүүх замаар хэрэг тулгаж, ялласан энэ булхайг ямар ч үнээр хамаагүй ил болгоно гэлээ.
Түр хорооны гишүүн Л.Болд “Бид ирэх даваа гаригт Белград хотноо болох ОУПХ-ны чуулганд оролцоно. Энэхүү хурал дээр Монгол Улсын байр суурийг хамгаалж, илтгэл тавина. Бид ямар ч бэлтгэлгүй байна. Яагаад гэвэл сарын өмнө ирсэн баримтыг дөнгөж өчигдөр Түр хороогоор хэлэлцлээ. Холбогдох хуулийн байгууллагууд нь бидэнд хариугаа өгч амжихгүй. Ямар ч байсан ОУПХ-ны дүгнэлтэд орсон асуудлуудыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Монгол Улс холбогдох арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэнэ” гэв. Мөн “Монголын төр эрх нь зөрчигдсөн эдгээр иргэнийг чөлөөлөөд, эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага хүлээлгэхгүй бол Монголын төр өөрөө террорист болж харагдах төдийгүй Олон улсын шүүх дээр очих болзошгүй. Яагаад гэхээр хүний эрхийг зөрчсөн энэ том хуйвалдаанд Монголын төр өөрөө бүх шатанд нь оролцоод, гурван шатны шүүхийн шийдвэрийг маш богино хугацаанд гаргасан. Эрүүдэн шүүсэн процессийг нь бүгд мэдчихээд байхад энэ хэргийг сунжруулж доромжилж байгаа нь Монгол Улсын үйлдэж байгаа гэмт хэрэг гэж олон улсад ойлгогдоно.” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
ОУПХ-ны Хүний эрхийн хорооноос ирүүлсэн тайланд тусгагдсан зөвлөмж, дүгнэлтийг сийрүүлбэл:
Дүгнэлт 65. Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэг ил болсон, Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзахад бүгд мөрдөн байцаах ажиллагаа хууль бус хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн, Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан байхад өнөөдрийг хүртэл тэднийг суллахгүй байгааг ОУПХ-ны Хүний эрхийн хороо буруушаажээ. Түүнчлэн Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг сулласнаараа Монгол Улсын шүүх хараат бус гэдгээ батлан харуулна гэдгийг онцлоод тэднийг нэн даруй суллахыг Монголын эрх баригчдад уриалсан байна.
Дүгнэлт 66. Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг суллах нь эрүүдэн шүүсэн хэргийг шийдвэрлэхээс хамаарах ёсгүй. Өөрөөр хэлбэл, энэ хоёр хүнийг суллах нь Төв аймгийн шүүхийн шийдвэрээс үл хамааран хийгдэх ёстой гэдгийг анхааруулжээ.
Дүгнэлт 67. Захиалагчийн хэрэг илрэхгүй байгаа нь С.Зоригийн хэргийг өнөөг хүртэл нууцаас бүрэн гаргаагүйтэй холбоотой. Нууцаас гаргах тухай Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхгүй байгааг гайхаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн нууцаас гаргасан шүүхийн шийдвэрүүдийн орчуулгыг ОУПХ, Хүний эрхийн хороонд өгнө гэдгээ монголын төрийн өндөрлөгүүд амласан ч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаад гайхаж буйгаа бичжээ.
ОУПХ-ны дүгнэлт бол олон улсад хүлээн зөвшөөрөгдөх дүгнэлт юм.
Сэтгэгдэл (1)