УИХ-ын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгөв. Байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамны, тагнуул, цагдаа, Авлигатай тэмцэх газар, Монголбанк, Гааль, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг цуглуулан үүрэг даалгавар өгсөн уг хуралдааны үеэр Г.Занданшатар дарга нэгэн асуудлыг тодорхой дурдсан. Тэр нь үйл ажиллагааныхаа тайланг муу хамгаалсан, хариуцсан ажлынхаа чиглэлээр үр дүн гаргаж чадаагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэв.
Монгол шиг уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтад түшиглэдэг оронд “Саарал жагсаалт”-д орох нь эрсдэлтэй. Хэрвээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол:
-Олон улсын байгууллагууд мнай улстай хамтран ажиллахаас татгалзах;
-Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;
-Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;
-Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;
-Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ.
Тиймээс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орохгүй, одоогийн төвшнөө хадгалан үлдэх нь Монгол Улсад хэрэгтэй. Ямар ч байсан УИХ-ын спикер холбогдох албаны удирдлагуудыг дуудан уулзаж, яаралтай арга хэмжээ авах, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэгдлээ. Хэдхэн хүний ашиг сонирхол, эрх ямбаас үүдэж бүхэл бүтэн тусгаар улсын эрх ашиг олон улсад шалан дээр унах нь мэдээж бидний хүсэх зүйл биш. Гэвч албан тушаалтнуудын хууль бус, хуудуутай асуудлаас үүдэж Монгол Улс “Саарал жагсаалт”-д ороход ойрхон тулж ирснийг УИХ-ын даргынхаа төвшинд, холбогдох байгууллагын хүрээнд хүлээн “зөвшөөрч”, хоёр хоногийн дараа Парист болох ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцэхээс өмнө “гал унтраах” арга хэмжээ авахаар болж байх шиг.
Сонирхолтой нь, Монгол Улс яагаад “Саарал жагсаалт”-д орох болсон тухай улстөрчид дуугарч эхэллээ. Тодруулбал, Хуулийн сайд асан Х.Тэмүүжин “Саарал жагсаалт”-д оруулах асуудал нэг сайд, нэг банкаар дамжуулж Хойдуудад байлдааны онгоцны мотор зарах гэж оролдсоноос эхэлсэн” гэжээ. Түүний хэлснээс Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй болгосон хүн нь Л.Болд болж таарах нь.
Учир нь, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц БНСУ-д суух Элчин сайдаар нэр дэвшүүлэх үеэр тэрбээр энэ тухай тодотгож байсан удаатай.
Ингэхдээ “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300 мянган ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу яах уу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан” хэмээн Байнгын хорооны хуралдааны үеэр Л.Болд гишүүнд хандан хэлж байв.
Хариуд нь Л.Болд гишүүн “Монгол Улс хойд Солонгостой зэвсгийн наймаа хийгээгүй. Үгээ тайлбарлахгүй бол гадуур буруу ташаа мэдээлэл явах нь ОХУ-ын иргэд, Монголын иргэд хамтраад Хойд Солонгосоос 300 мянган ам.долларын гэрээ зэвсэг авахаар дамжиж ирсэн асуудал байна. Үүнийг манай тал зохицуулсан. Гэтэл өнөөдөр буруу ойлголт өгч байна. Тухайн үед залилангийн хэрэг яригдаад явж байхад нээлттэй явуулах хэрэгтэй гэж ярьж байсан. Тиймээс тухайн үед ажил хариуцаж байсан хүний хувьд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Оросын байгууллагаас мөнгө аваад Орост нь буцааж өгсөн. Үүнийг л ойлгох хэрэгтэй” хэмээн тайлбарласан.
Түүнээс хойш эл асуудал тэгсхийгээд намжсан ч Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эсэхийг дэнслэхээр болсон энэ үед дахин сөхөгдөж эхэлсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш болов уу.
Л.Болд гишүүн ч үүнийг ярих нь байтугай ШИНЭ нам байгуулахын хажуугаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Ж.Батзандан нарын хамт тугаа болгож, улсын нууцад хамаарах асуудлыг түрүүчээс нь “задлаад” явж байна.
Гэхдээ “Саарал жагсаалт” гэдэг бол улстөржүүлэх сэдэв огт биш ээ. Харин түүнд орох хэмжээнд хүргэсэн холбогдох албан тушаалтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэх нь нэгдүгээр асуудал. Тэгж байж дараа дараагийн асуудал үүсэхээс сэргийлнэ. Бусдад нь сургамж болон үлдэх учиртай. Хуулийн сайд асан Х.Тэмүүжингийн хэлсэн нь үнэн л юм бол Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах эрсдэлд түлхсэн, хариуцлага тооцох хүмүүсийн нэгдүгээр эгнээнд Л.Болд гишүүн бичигдэх нь.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (18)