Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгохоор боллоо.
Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авах юм байна.
Ингэхдээ сургуулийн захиргаа, эсхүл оюутны байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэх тухай албан тоот, тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг, дүнгийн тодорхойлолт, тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулан товьёог үйлдсэн байх/, “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба миний оролцоо” сэдвээр 500 үгэнд багтаасан эссэ зэргийг бичиж ирүүлэх аж.
Материалыг ирэх арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хүргүүлэх юм байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс