УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос боловсруулж, УИХ-д энэ оны дөрөвдүгээр сард өргөн бариад байсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Уг хуулийн төслөөр Гэр бүлийн тухай хуулийн 80 орчим хувийг бүрэн шинэчилсэн бөгөөд хүүхэд үрчлэлийн асуудлыг хуульчилж өгснөөрөө онцлого юм байна. Түүнчлэн хэрвээ гэр бүл салсан тохиолдолд хүүхэд өмч хөрөнгө эзэмших, улсаас өгдөг тэтгэмжийг тухайн хүүхдийн нэр дээр хадгалах, захиран зарцуулах зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ. Хуулийн төсөл боловсруулагчдын хэлснээр тус хуулийн төсөлд хэд хэдэн шинэлэг бөгөөд онцлог заалтуудыг тусгасан аж. Энэ нь "Асралт-гэр бүл" гэдэг асуудлыг оруулж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, өнчин, хараа хяналтгүй хүүхдийг сайн дураараа гэр бүлдээ авч асран, халамжлавал төрөөс тэтгэмж олгох аж. Мөн хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй аав, ээжийн өмнөөс төр эхлээд хүүхдэд тэтгэмж олгох замаар мөнгө шилжүүлэх юм байна. Харин энэ мөнгөө тэтгэмжээ өгөөгүй аав, ээжүүдээс төр нэхэмжлэх замаар хүүхдийн эрхийг хамгаалах аж.
Ташрамд дурдахад, Монгол Улсын гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш нийт зургаан удаа өөрчлөлт оруулсан байна.