Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд УУХҮЯ, АМГТГ, ШУА-ын Геологийн хүрээлэн, ШУА-ийн палеонталагийн хүрээлэн, МУИС, ШУТИС хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Хуралд ОХУ, Бүгд найрамдах Чех улс, Ардчилсан Солонгос улс, Япон зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож, хамтын ажллагааны хүрээнд хийгдсэн геологийн судалгааны үр дүн цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажлын талаар санал солилцож байна.
Манай улсад 1939 оны БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд “Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар геологийн салбарын түүх анх эхэлсэн гэж үздэг. Геологийн мэргэжилтнүүд энэ хугацаанд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж олон арван томоохон орд газрууд нээгдэн ашиглагдаж байна.
Өнгөрсөн оны хувьд геологийн салбарт улсын төсвөөс 26 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ талаар АМГТГ-ын Геологи, хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа “Уг төсвийг сайдын багцанд суулгаж, сонгон шалгаруулалт явуулдаг. Үүнээс мэргэжлийн шаардлага хангасан компанийг шалгаруулж улсын төсвийн геологийн судалгааг хийдэг юм.
Геологи, уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийг үүрч байдаг. Уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг геологийн салбар хангаж явдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, зөвхөн орд нээдэг салбар биш шинжлэх ухааны салбар гэж хэлж болно. Манай улс Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой зэрэг ордуудыг ашиглаж байгаа нь геологичдийн хөдөлмөрийн үр шим. Нөгөөтээгүүр, нийслэлийн агаарын бохирдол хүн бүрийн эмзэглэж байгаа асуудлын нэг. Дэлхийн бусад улс орны хувьд агаарын бохирдлоос хэрхэн салж байсан түүхийг судлаад үзвэл хийн түлшийг эрчим хүчнийхээ салбарт хэрэглэсэн байдаг. Үүний тулд хийн нөөц шаардлагатай. Хийн нөөцийг геологичид л олно.
Геологийн судалгааг улсын төсвийн болон хувийн хөрөнгөөр, Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах зарчмаар, төрийн захиргааны байгууллагатай эвлэлийн гэрээний байгуулах, техникийн хамтын ажиллагааны хүрээнд зэрэг таван төрлөөр хийдэг” гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад 1200 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс жилд 400 орчим нь хүчингүй болдог аж. Учир нь тухайн талбайд хайгуул хийн үр дүнгүй бол төрд буцаан шилжүүлдэгтэй холбоотой юм байна. Энэ байдлаар цааш явбал хувийн хөрөнгийн геологийн салбар хүндрэлтэй байдалд орно гэж мэргэжилтнүүд онцолж байлаа. Мөн 2018 онд газрын тосны таван цооног өрөмдөхөөр төлөвлөсөн ч орон нутгийг иргэдийн эсэргүүцэлтэй тулгар гурвыг нь ашиглажээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)