Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 21-нд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаан-Үд хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Балжинимаев Чимит Валерьевич, Улаан-Үд хотын Гадаад харилцааны хэлтсийн дарга Дашиев Дмитрий Апексеевич нар байлцсан юм.
Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич уулзалтын үеэр “Би Улаанбаатар хотод дөрөв дэх удаагаа ирлээ. Өмнө нь ирэхэд утаа, агаарын бохирдлын асуудлыг нэлээд эмзэг хүлээж авч байсан. Энэ удаа ирэхэд харин өөр өнгө төрхтэй болсон байна. Энд авч хэрэгжүүлж байгаа ажилд тань дахин амжилт хүсье” гэсэн юм.