Дөрвөн жил нэг удаа болдог “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадмын чөлөөт бөхийн тэмцээн аравдугаар сарын 21-23-нд БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод боллоо.
Чөлөөт бөхийн төрөлд 42 орны 167 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн зургаан жинд өрсөлдөв. Манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны долоон тамирчин хүч үзсэнээс нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлэв.
Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, 2014 оны цэргийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд 2018 оны цэргийн ДАШТ, 2019 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Даваанасан хүрэл медалийн эзэн боллоо.
Ирэх долоо хоногт 23 хүртэлх насны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох түүний хувьд 1/8 шигшээд Нигерийн Реубен Амучечиг цэвэр, шөвгийн наймд Гвинейгийн Фатумата Камараг 2:0-ээр ялж хагас шигшээд “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт Польшийн Агнешка Вейшчект 6:11-ээр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн Дайлан Реисийг 9:5-аар ялснаар өнгөрсөн жилийн цэргийн ДАШТ-ий медалиа цэргийн наадмынхтай ихэрлүүлэв.