Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НИТХ-аас санаачлан "Нээлттэй сонсгол" явуулж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Засгийн газрын тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг зогсоож, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хэрэглэх ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Уг ажлыг хэрэгжүүлж байх явцад иргэдийн амь нас хохирч угаарын хийнд хордсон асуудлууд цөөнгүй тохиолдсон. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа “Сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд анхаарах зарим асуудлууд” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хийхээр санаачилсныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хотын Захирагчийн ажлын албанаас зүйтэй хэмээн үзэж дэмжин оролцож байна.
Сонсголын явцад ажлын явцад гаргасан байж болзошгүй аливаа дутагдлыг нээлттэй хэлэлцүүлж, иргэд оршин суугчдаа сонсож, шаардлагатай арга хэмжээ авахтай холбоотой зарим асуудлуудыг ярилцаж, алдаа оноогоо засах талаар хамтран ажиллах ёстой.
Эдгээр асуудлуудыг хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж ирэх нь бидний үүрэг хариуцлага. Мөн иргэдээс энэ ажилд хэрэгжүүлж болохуйц бодитой санал хэлэлцүүлгийн явцад гарч хамтдаа хүндрэл бэрхшээлээ даван туулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй амьдрах баталгааг алдагдуулж, үндэсний гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын эсрэг сүүлийн 10 гаруй жил УИХ, Засгийн газар, салбарын яам, чиглэлийн байгууллага, нийслэлийн удирдлагуудын зүгээс олон ажил хэрэгжүүлсэн боловч харамсалтай нь үр дүнд хүрээгүй. Шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлээгүйн улмаас жил ирэх бүр агаарын бохирдол нэмэгдэж ирлээ. “Цэвэр агаар” сан, “Төслийн зуух”, “Нүүрс хөтөлбөр” гээд хөрөнгө мөнгө ихээхэн зарцуулсан ч үр дүнд хүрээгүй олон ажил хийсэн. Судлаачдын гаргаснаар нийслэлийн агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын яндан, 10 орчим хувийг автомашины утаа, зургаа орчим хувийг үйлдвэрлэлийн яндан, үлдсэн дөрөв орчим хувийг хөрсний бохирдол зэрэг эзэлж байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс түлж байгаа, түлш түгээлт, тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагааг хангах, мөн иргэд угаарын хийнд хордож байгаа зэрэг асуудлыг зохион байгуулалттай үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” гэв.
Ингээд сонсгол зохион байгуулах хүсэлт гаргасан НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчдийг төлөөлөн төлөөлөгч Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл нар үг хэллээ.
Төлөөлөгч Ц.Баатархүү “Утааны үндсэн шийдэл 2012-2016 онд эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт. Агаар, хөрс, орчны бохирдлыг цогцоор нь шийдэх ажил гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэгт санал нэгдэж байгаа. Нэр бүхий 12 төлөөлөгч Монгол Улсын нийтийн сонсголын хуулийн дагуу ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах санаачилга гаргасан юм” гэлээ.
Төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Бид нэг агаараар амьсгалж, нэг орчинд амьдарч байна. Аль нэг намын агаар гэж байхгүй. Тиймээс агаарын бохирдолтой тэмцэх Засгийн газрын тогтоолыг нийслэлийн удирдлага, төлөөлөгчид дэмжиж ажиллаж байна. Нийгэмд үүсээд байгаа олон талын зөрчилдөөнтэй мэдээ мэдээллийг нэг огтлолцолд хүргэхээр уг сонсголын зохион байгуулж байна. Мөн өглөөнөөс үдшийн бүрий хүртэл иргэдийг угаарын хийнээс урьдчилан сэрэмжлүүлж ажиллаж байгаа төрийн албан хаагчиддаа талархал илэрхийлье. Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 100 хувь шийдэж чадахгүй. Агаарын бохирдлыг 40 орчим хувь л бууруулна. Ер нь Улаанбаатарчуудын түлш солих асуудал бол XXI зууны соёлын довтолгоо. Хамгийн гол нь улстөржүүлэхгүйгээр уг ажлыг хийж байж агаарын бохирдолтой тэмцэж чадна. Энэ ажлыг нийтээрээ хамтарч хийх хэрэгтэй гэсэн” саналтай байгаагаа хэллээ.
Б.Лхам