УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ойрмогхон хэвлэлд ярилцлага өгөх болжээ. Чингэхдээ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж эхлэхээс өмнө анхны төслөөр оруулж ирсэн Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, огцруулах асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, өөрөө огцруулах асуудлыг Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр би тууштай дэмжиж байсан. Гэвч Бүлэг дээр уг заалтыг эсэргүүцэж унагаасан юм. Бидний яриад байгаа гол асуудлыг нэг нь Засгийн газрын чадамж, насжилтын асуудал. Ерөнхий сайд арай илүү эрх мэдэлтэй байх нь цаашдаа манайд хэрэгтэй. Гэхдээ нэг зүйлээс болгоомжлох ёстой. Намын дарга, Ерөнхий сайдын албан тушаал хаших хүн бүх юмыг хэтрүүлчих вий. Манайхан тойрон хүрээлэл үүсгэж аваад, нөгөөдүүл нь буруу, зөрүү мэдээллээр хангаад, нийгмээс тусгаарлачихдаг. Ингэж тойрон хүрээлэл үүсгэж байгаад нураадаг үйл явц социализмын үеэс л манай намд байгаа зүйл. 40-өөд жилийн дараа Ю.Цэдэнбал даргыг яаж унагаасан билээ. Яг л түүн шиг намын даргаа тойрч, бүчиж байгаад гэнэт л балбаад эхэлдэг. Тийм технологийг давтуулахгүйн тулд намын дарга, Ерөнхий сайд хүн зарчимтай, ёс зүйтэй, нам дотроо ардчилалтай байх зарчмыг барьж ажиллавал илүү үр дүнд хүрнэ гэж харж байгаа” гэжээ. Түүний хэлдэг зөв.
МАН сонгуулийн үр дүнгээр 65 суудал авсан, мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаглалын хямралыг засна хэмээн амласан нь үнэн л юм бол хүчтэй Ерөнхий сайдыг “төрүүлэх” нь энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хийх хамгийн том дэвшлийн нэг мөн үү мөн. Угтаа Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх саналыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд оруулж ирсэн ч хэлэлцүүлгийн явцад дэмжээгүй, олонхийн бүлэг өөрсдөө унагаасан. Харин УИХ-ын даргын 199 дүгээр захирамжийн хүрээнд байгуулсан зөвшилцлийн Ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар МАН бүлгээс эсэргүүцэж, парламент дээр биеллээ олсон Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх саналыг зарчмын хувьд дэмжжээ.
Нэг үгээр ирэх оны төсвийг баталсны дараагаас гуравдугаар хэлэлцүүлэгт шилжих Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нартаа хариуцлага тооцох саналыг дахин оруулж ирэх нь.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарын гишүүн болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар багтсан болохоор дээрх саналыг дахин унагаах магадгал нь бага гэсэн үг. Олонхийн бүлэг, сөрөг хүчин, Ерөнхийлөгчийн институци бүгдээрээ дэмжсэн хэрэг. Ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлж, огцруулах нь сонгодог парламентын хамгийн ойрын жишээ. Яг л Японых шиг.
Одоо бол Ерөнхий сайд өөрийнхөө танхимд хэн сайд болох вэ гэдгийг бие даан шийддэггүй. Танхимынхаа гишүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөс эхлээд парламентаар тус бүрээр нь хэлэлцүүлж виз даруулдаг. Хэдийгээр өөрөө танхимаа бүрдүүлж байгаа мэт харагдавч Ерөнхийлөгч, УИХ-аасаа хэт хамааралтай болдог нь нууц биш. Цаашлаад намын, фракцын тохироотой сайдууд танхимын зарчмаар ажиллах нь хомс.
Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүддээ бие даан хариуцлага тооцох боломжгүй. Бараг байхгүй. Заавал Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулдаг нь танхимынхаа зарчмыг үгүйсгэдэг.
Энэ мэтчилэнгээр Ерөнхий сайдад зовлон их. Өөрөө багаа бүрдүүлж, танхимаа тогтвортой ажиллуулах боломж нь хомс учраас нийгэм, эдийн засгийн томоохон асуудлаа шийдвэрлэхэд парламент хэмээх хана хэрэмтэй тулдаг. Заримдаа мөргөдөг. Үүний энийн жишээ нь, уул уурхайн томоохон мега төсөл, төмөр зам.
Гагцхүү энэхүү гацаанаас гарах, Засгийн газар нь бие дааж шийдвэр гаргах нэг асуудал нь Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, сайд нараа огцруулах асуудал болчихоод буйг хуульчид зүгээр ч нэг яриад байгаа юм биш. Харин ч шийдэх, дэмжих ёстой санал юм. Тэгэхгүйгээр Д.Хаянхярваа гишүүний хэлдгээр намын дарга, Ерөнхий сайдаа тойрч, бүчиж байгаад гэнэт л балбаад эхэлнэ. Ажил явахгүй гацаанд орно. Ерөнхий сайд нь өөрөө сайд нарынхаа барьцаанд орно. Юу үнэн энэ л үнэн.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (28)