Ихэс түрүүлэлт, ихэс шигдэлт, давсаг руу шигдсэн эмгэгийн хүндрэлийн үед эрхтэн хадгалах хагалгааг манай улсад хийдэг боллоо. Уг аргыг нэвтрүүлсэн “Амгалан” амаржих газар одоогийн байдлаар 10 гаруй ээжүүдэд амжилттай хийжээ. Биднийг очиход хагалгаа хэсэг хормоор хойшилж, эмч нар бэлтгэл ажлаа хангаж байв. Өөрөөр хэлбэл, дахин нэг ээжид “амьдрал” бэлэглэх юм. Ингээд уг өвчлөл хэрхэн бий болдог, ээжүүд юунд анхаарах шаардлагатай талаар тус амаржих газрын Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн эмч Н.Төгсбаяртай ярилцсанаа хүргэе.
-Жирэмсэн эхчүүдэд тохиолддог ихэс түрүүлэлт, ихэс шигдэлт зэрэг эмгэгийг эмчлэх шинэ аргыг “Амгалан” амаржих газар нэвтрүүлжээ. Юуны түрүүнд та бүхэнд баяр хүргэе. Мэдээж хагалгаа хийхэд баг бүрэлдэхүүн ихээхэн чухал. Баг бүрэлдэхүүнийхээ талаар танилцуулахгүй юу. Хэдий хугацаанд хийгддэг хагалгаа вэ?
-Баярлалаа. Хагалгаанд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй томоохон баг ажилладаг. Тухайлбал, Манай багийн ахлагчаар эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболд, тасгийн эрхлэгч Ч.Хонгорзул, мэдээгүйжүүлэхийн хоёр эмч, миний бие мөн нярайн эмч, сувилагч, эх баригч эмч, асрагч, техникийн ажилтан сувилагч зэрэг бүрэлдэхүүнтэй ордог. Тухайн өвчлөл хэр хүндэрсэн зэргээс шалтгаалан хугацааны хувьд өөр өөр бий.
-Хагалгааг хэзээнээс хийсэн бэ?
-Энэ оны гуравдугаар сараас хойш 10 гаруй хүнд уг хагалгааг амжилттай хийгээд байна.
-Ер нь ихэс түрүүлэлт, ихэс шигдэлт гэж юуг ойлгох вэ?
-Энэ нь ихэс түрүүлэлт, ихэс шигдэлтийн үед хийсвэр хагалгаа хийж, умайн савыг хадгалж үлддэг хагалгаа юм. Ихэс түрүүлэлт гэдэг нь умайн хүзүүнд ихэс нь ойр эсвэл умайн хүзүүг таглаж байрлахыг хэлдэг. Үүнд бүтэн тагласан эсвэл хагас таглаж умайн хүзүүг ирмэгдсэн, хажуугаар нь байрласан зэрэг ялгаатай зүйл бий. Мөн умайн салст давхаргад ихэс бэхлэгдэж байдаг. Хүүхэд төрөхөд ихэс гадагшидаг шүү дээ. Хагалгааны үед ч ялгаагүй. Гэтэл энэ өвчлөлийг үед ихэс салдаггүй юм. Энгийнээр тайлбарлавал нягт байрлаж, умайн хана руу нэвчиж ургаад байгааг умайн шигдэлт гэж ойлгож болно.
-Уг өвчин үүсэх шалтгаан нь юу байна вэ?
-Ихэс түрүүлэлт, ихэс шигдэлт нь хийсвэр хагалгааны давтамж нэмэгдэж байгаатай холбоотой. Мөн аборт, өсөлтгүй жирэмслэлт болон зулбасны улмаас умайн хөндийгөө багажаар цэвэрлүүлэх, умайн булчинд хоргүй хавдрын зангилаа үүсч мэс ажилбараар авахуулах эсвэл умайд ямар нэгэн мэс ажилбар хийгдэж байсан, салстын наалдац, ихэсийн эмгэгийн үед ихэс түрүүлэлт явагдан шигддэг. Ингэхдээ умайн дотор талын салст давхаргаа дөнгөж гэмтээгээд байрлаж байгаа юу эсвэл салст давхаргаас халиад булчин давхаргыг хамрах, булчин давхаргуудаа гэмтээн хальж ойролцоо байгаа эрхтэн рүү нэвчиж ургаж байгаа зэргээс шалтгаалан хүндрэлүүд өөр өөр. Хэрэв давсаг руу ойртож ургасан байвал илүү хүндрэлтэй гэсэн үг.
-Уг хагалгааг хэрхэн хийдэг юм бэ?
- Давсаг руу шигдсэн судаснуудыг нэг бүрчлэн боож, шигдсэн байгаа хэсгээ өөлж авч умайгаа бүтнээр нь үлдээдэг.
Өмнө нь дээрх өвчлөлийн улмаас нярайг эхээс гарган авсны дараа умайн савыг нь авчихдаг байсан. Улмаар цус алдалт, тухайн ээжид зовиур их, эмчлэгдэх хугацаа шаарддаг байсан. Уг хагалгааг хийснээр ээжүүд дахин төрөх боломжтой болж байгаа юм. Хийсвэр хагалгаагаар төрсөн ээж хамгийн багадаа гурван жилийн дараа төрөх боломжтой.
-Хагалгааны зардлын тухайд?
-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр бөглөдөг хүн бүрийн хагалгааны зардлыг улсаас даадаг.
-Энэ өвчин ээжүүд дунд хэр их тохиолдож байна вэ?
-Уг өвчний талаар судалгааны ажил хийж байгаа. Судалгааны ажлын дараа нэгдсэн тоо баримт гарна. Тухайлбал, ихэс шигдэлт зөвхөн салст руу шигдсэн үед тохиолддог тохиолдол нь 77 хувь, умайн булчин руу шигдсэн нь 17 хувь гэж үздэг. Мөн умайн бүх давхаргаас халин бусад эрхтэн рүү шигдэж ургасан үеийн тохиолдол 10-7 хувьтай гэж үздэг юм.
-Ихэс түрүүлэлт, ихэс шигдэлт зэрэг нь олн шалтгааны улмаас үүсдэг юм байна. Охид, эмэгтэйчүүдэд хандаж юу зөвлөх вэ?
-Аль болох умайн мэс ажилбар хийлгэхгүй байх, жирэмслэлтийг зөв төлөвлөх, аборт, зулбалтаас сэргийлэх хэрэгтэй. Мөн байнгын урьдчилан сэргийлэх хяналтад хамрагдаж хэрэв үрэвсэлт өвчин туссан бол бүрэн эдгээж байхыг зөвлөж байна. Мөн сүүлийн үед эмэгтэйчүүд төрөхийн өвдөлтийг тэсвэрлэхгүй, хийсвэр хагалгаагаар төрөх нь их байна. Уг нь хийсвэр хагалгааг хүсэлт гаргасан бүх ээжүүдэд хийдэггүй. Зөвхөн эх, ургийн талаар заалт гарч өөрөөрөө төрөх боломжгүй үед л хийдэг хагалгаа. Тиймээс хийсвэр хагалгааны давтамж нэмэгдэх үед ихэс түрүүлэлт, шигдэлт бий болох магадлал өндөр байгаа учраас жам ёсоороо төрөх хэрэгтэй.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)