Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ амралтын өдрүүдэд (XI.16-17) Японы Нарита хотын “Накадай” спорт, соёл, амралтын хүрээлэнгийн спорт цогцолборт боллоо.
18 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны баг өрсөлдснөөс манай тамирчид дөрөвдүгээр байрт оров. Дэлхийн цомын тэмцээнд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг уржигдар “В” хэсэгт хойд хөрш ОХУ-ыг 6:4-өөр ялж, АНУ-д 4:6-гаар ялагдсанаар хэсэгтээ хоёрдугаар байрыг эзэлсэн. Тэгвэл өчигдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2008, 2009, 2010, 2012 оны Дэлхийн цомын аварга хүчирхэг бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын шигшээ багтай хийв. Урд хөршийнхөн Японд дэлхийн гурван аварга, дөрвөн дэлхийн медальтантай нэгдүгээр шигшээ багаа илгээсэн бөгөөд манай багийг 3:7-гоор ялж шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм. Нанхиадын эсрэг манай бөхчүүдээс ОУХМ Б.Болортуяа, Э.Гантуяа, Ө.Пүрэвсүрэн нар ялалт байгууллаа.
Ялангуяа “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа “Цол дагаж бяр” гэгчээр Наритад гурван барилдаан хийж бүгдэд нь ялалт байгуулав. Бүр Нур-Султаны дэлхийн аварга Жакарра Винчестер (АНУ), түүнтэй хамт хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон Ольга Хорошавцева (ОХУ) болон Чен Жиавэй (БНХАУ) нарыг ялсан.
Энэ удаагийн Дэлхийн цомын шигшээ барилдаанд эзэн орны бөхчүүд 2003 оны тус тэмцээний аварга АНУ-ыг 7:3-аар буулган авснаар 11 дэх түрүүгээ хүртэв. Харин тавдугаар байрт хойд хөрш ОХУ-ын шигшээ баг эзэлсэн. Тэд Украинийг 5:5-аар яллаа.