Монголын шигшээ баг Мьянмарын шигшээ багтай тоглоно. Тоглолт Улаанбаатарын цагаар 19:30 минутанд эхлэх бөгөөд 31 мянган хүний суудалтай Мандалар Тири цэнгэлдэхэд Дэлхийн аваргын урьдчилсан шатны ээлжит тоглолтоо хийнэ. Уг цэнгэлдэх нь Мьянмарын хуучин нийслэл Мандалай хотноо байрладаг.
Монгол Улсын шигшээ багийн хувьд өнгөрсөн долоо хоногт Камбожи улсад очин долоо хоногийн эрчимтэй бэлтгэл хийн Камбожийн үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж 1:1 харьцаатай тэнцсэн. Камбожид хийсэн энэхүү долоо хоногийн бэлтгэл нь манай багийн Мьянмарт хийх тоглолтын гол бэлтгэл байсан бөгөөд халуун чийглэг уур амьсгалд дасан зохицоход нь ихээхэн нөлөөлсөн бэлтгэл болсон. Одоогоор манай баг хэсэгтээ дөрвөн тоглолтоос гурван оноо авч, 4-р байрт бичигдэж байна.