Монголын улс төрийн намууд “Эв нэгдлийн төлөө” түншлэлийг бий болгохоор хамтарч ажиллахаар эхэлжээ. Үндэсний Эв нэгдлийн төлөө түншлэл нь улс төрийн намуудын харилцан ойлголцол, хүндлэл, хамтын ажиллагаа, зөвшилцөл, бат бэх эвсэл дээр суурилах ёстой ухамсарлан Монгол Улсын түүхэнд анх удаа Улс төрийн намуудын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулахаар товлосон нь энэ.
Энэ сарын 26-нд “Туушин” зочид буудлын хурлын танхимд болох энэ зөвлөгөөнд Улс төрийн 20 гаруй нам оролцох төлөвтэй байгаа юм байна. Зөвлөгөөнөөр өнгөрсөн 30 жилийн Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, ирээдүйн 30 жилийн улс төр, нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөв хандлага ямар байх ёстой тухай нэгдсэн бодлогын хэлэлцүүлэг хийх аж. Улс төрийн намууд Улсынхаа тусгаар тогтнол, бүрэх эрхт байдлыг бататган бэхжүүлж, үндэснийхээ язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрлөхтөний соёл иргэншлэлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг, аз жаргалтай нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон тунхаг гаргах гэнэ. Мөн УИХ-аар хэлэлцэж эхлээд буй Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, бусад хуулиудаар улс төрийн намуудын эвсэх эрх зүйн орчныг бэхжүүлэхийн төлөө улс төрийн намууд хамтран ажиллах асуудлыг ярилцах юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)