БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр 2018-2019 оны хичээлийн жилд T2T (TRAINING TO TEACHERS) сургалт нь зохион байгуулагдаж буй.
Энэ хүрээнд АШУҮИС-н 50 багш, Эм Эйч Ай ТББ-ын 10 судлаач, хувийн их дээд сургуулийн найман багш, эрүүл мэндийн багууллагаас 25 эмч оролцон, суралцагч төвтэй сургалт, жижиг бүлгийн сургалт, хөтөлбөрийн загварчлал болон үнэлгээ, багт суурилсан сургалтын талаар судалж амжилттай төгссөн. 2019-2020 оны хичээлийн жилд БСШУСЯ ба АШУҮИС нь дахин Анагаахын чиглэлээр дээд боловсролын үйлчилгээ үзүүлдэг их дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагын эмч багш, судлаач нарын чадавхыг бэхжүүлэх зорилгоор Харвардын Анагаах ухааны суруультай хамтран T2C (TRAINING TO CLINICIANS) сургалтыг энэ оны арванэгдүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл танхимын болон онлайн сургалтын хосолсон хэлбэрээр зохион байгуулах гэж байна.
Тодруулбал, сургалтын хөтөлбөр холимог хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд биечилсэн семинар, онлайн лекц, багийн ажил, ганцаарчилсан болон багт суурилсан сургалт зэргээс бүрдэнэ. Эдгээрийг Харвардын Анагаах Ухааны Сургуулийн мэргэшсэн ахлах багш нар заах болно. Хөтөлбөрт хамрагдсанаар Харвардын Анагаах Ухааны Сургуулийн эрдэмтэн багш нарын удирдлага дор судалгаа хийх ур чадвар, эмнэлзүйн орчин үеийн арга техникээс суралцахаас гадна суралцагчид нь тус сургуулийн төгсөгч болж, тухайн сургуулийн цахим номын сангаас хүссэн мэдээллээ авах, цахим имэйл хаяг эзэмшиж, эрдэмтэн багш нартай харилцаа тогтоохоос гадна Харвардын Их Сургуулийн бүртгэл бүхий сертификат гардан авах юм. Тус хөтөлбөрийн хүрээнд хоёр удаагийн танхимын сургалт, семинар зохион байгуулагдах бөгөөд эхнийх нь 2020 оны нэгдүгээр сард, дараагийн сургалт семинар 2020 оны тавдугаар сард зохион байгуулагдан, төгсөх боломжтой. Мөн БСШУСЯ-наас төгсөлтийг АНУ-д Харвардын сургууль дээр очиж хийх боломжийг судалж байгааг дуулгахад таатай байна.