Тээврийн цагдаагийн албанаас “Хичээх өдөр” арга хэмжээг энэ сарын 29-ны өдөр буюу маргааш зохион байгуулах гэж байна. Уг өдөр жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлахыг тус байгууллагаас уриалж байгаа юм. Тиймээс тус өдрийн 11.00-11.10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хааж, түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээгээ хийх аж. Мөн энэ өдөр зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлнэ
Өнгөрсөн жил буюу 2018 оны энэ өдөр зам тээврийн осол, гэмтэл бусад өдрийнхөөс 60 хувиар, дуудлага мэдээлэл 47.5 хувиар буурчээ. Энэ өдөр дөрвөн хүн бэртэж, нэг ч хүн амиа алдаагүй байна.
Жолооч нар ганц энэ өдөр бус өдөр бүр хичээвэл жилд 500-600 зам тээврийн ослоор амиа алддаг байдал арилна гэж ТЦА-аас анхаарууллаа. 1939 оны дайнд 200 орчим хүн, 1945 оны чөлөөлөх дайнд 400 орчим хүн амиа алдсан. Гэтэл энэ цагт өдөр бүр дайны үеийн байр байдалтай байгаа юм. Тиймээс хүн бүр дор бүрнээ өдөр бүр хичээх хэрэгтэй гэлээ. 2019 оны эхний 11 сарын байдлаар 1229 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Гэмт хэргийн улмаас 324 эрдэнэт хүний амь нас, 1004 хүний эрүүл мэндэд хохирол учирчээ. Осол, гэмтэл нь ихэвчлэн орон нутгийн замд хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглээгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэргээс шалтгаалан гарч байна.
Харин Нийслэлийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар 115 хүний амь нас хохирч, 2410 хүн эрүүл, мэндээрээ хохирчээ. Үүнээс 512 хүүхэд зам тээврийн осолд орсноос 11 хүүхэд нь амиа алдсан байна.
Сэтгэгдэл (1)