Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж буй энэ цаг үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад албан ёсны айлчлал хийхээр болсон байна.
Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өнгөрсөн аравдугаар сарын 21-нд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Могуловтой уулзах үеэрээ улс төр, эдийн засаг, олон талт хамтын ажиллагаа, өндөр, дээд хэмжээний айлчлалын агуулга хэлбэр, байгуулах баримт бичгийн талаар санал солилцсон. Гадаад харилцааны дэд сайд эл томилолтынхоо хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д айлчлах бэлтгэл ажлыг хангах зорилготой байсан юм. Учир нь өнгөрсөн 2018 оны тавдугаар сард ОХУ-ын талаас "Хүлээж авах бэлтгэл хангагдаагүй” гэсэн үндэслэлээр Ерөнхий сайдын айлчлалыг хойшлуулж байсан удаатай. Үүнээс болж жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцож чадаагүй юм.
Тэгвэл ирэх арванхоёрдугаар сард ОХУ-ын нийслэл Москва хотноо болох хоёр орны хамтарсан хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцохоор болсныг ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын дарга Алексей Гордеев мэдээлсэн байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад айлчлах үеэрээ Орос, Монголын бизнес форумыг нээхээр төлөвлөсөн аж.
Г.Алимаа
Сэтгэгдэл (5)