“Дарьганга судлал” ТББ-аас уржигдар Дарьгангын түүх, угсаатан зүй, зан заншил, өв соёлыг судалсан, энэ чиглэлээр бүтээл туурвиж буй эрдэмтэн судлаачидтай үдшийн зоог барьж, үйл ажиллагаагаа танилцуулан, санал солилцсон юм.
Уулзалтад ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо тэргүүтэй Дарьганга нутгаас төрөн гарсан алдартнууд болон Дарьганга ястныг 10 жил судалж, энэ ястнуудын дунд 15 сар амьдран, эл сэдвээр доктор хамгаалаад буй Т.Билэгсайхан тэргүүтэй эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирсэн байлаа.
Дарьгангачуудын өв соёл, зан үйл, шашин шүтлэгийг түгээн дэлгэрүүлэх, ардын аман зохиолыг судалж эмхэтгэх, “Дарьганга” брэндийг бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, Дарьгангангын бүс нутагт дотоод, гадаадын жуулчдыг татах төсөл хөтөлбөр боловсруулж, тус салбарынхантай хамтран ажиллах, Дарьганга судлалын чиглэлийн бүх мэдээллийг нэгтгэх мэдээллийн сантай болох зорилт тавьж буйгаа тус байгууллагын тэргүүн, Дарьганга сумын уугуул, МУСТА жүжигчин Х.Ганхуяг дуулгалаа.
Дарьганга ястныг 1690-ээд оны үед Манж Чин улсын төмөр сүргийг адгуулах зорилгоор Цахар, Халх болон Өөлд иргэдийг цуглуулан үүсгэсэн гэдэг ойлголт түгээмэл байдаг. Гэвч Дарьгангачууд бол түүнээс өмнө үүсэж бий болсон ястан гэсэн байр суурьтай судлаачид ч бий.
Энэ үдэш хуран цугласан судлаачид Дарьганга ястны үүсэл гарлын талаар нэг ойлголтод хүрэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн юм. 2010 оны хүн амын тооллогоор 27 мянга гаруй хэмээн бүртгэгдсэн Дарьганга ястнууд өдгөө Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр зэрэг сумдад амьдарч буй.
Сэтгэгдэл (1)