УИХ-ын дарга Г.Занданшатар МҮХАҮТ дээр үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт хийж, бараа бүтээгдэхүүний үнэ, нөөцийг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ шаардлагатай байгаа талаар ярилцлаа.
Мөн тэрбээр нөөцний хомсдол бий болоод байгаа зарим шаардлагатай бараа бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх, бууруулах, чөлөөлөх талаар маргааш УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэнэ гэсэн юм. Ингээд үйлдвэрлэл эрхлэгчдээс хэлсэн саналыг хүргэж байна.
“Улаанбаатар гурил” ХХК-ий гүйцэтгэх захирал О.Доржханд “Манай улс жилд 240 мянган тонн гурил хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, сард 20 мянган тонн хэрэглэдэг гэсэн үг. Энэ гурилыг үйлдвэрлэхийн тулд нийт 360 мянган тонн улаан буудай хэрэглэдэг юм. Үүнээс хивэг 25 хувь гардаг. Энэ сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 12 мянган тонн гурил байна. Буудай 45 мянган тонн байна. Ингэж тооцохоор хоёр, гуравдугаар сар дуусаад л улсын хэмжээнд гурилын нөөц дуусах магадлалтай байна. Анх энэ асуудал үүссэнээс хойш гурил үйлдвэрлэгчдийн зүгээс яамандаа хандаж ирсэн. Квот хуваарилалтыг яамнаас олгосон. 60 мянган тонны квотыг олгоод яагаад улаан буудайгаа татаж авч чадахгүй байна гэдэг нь татвартай холбоотой. 2019 оны намрын улиралд улаан буудайны үнэ 580 мянган төгрөгийн үнэтэй байсан. Одоо татваргүйгээр 700 мянган төгрөг. Аливаа бүтээгдэхүүний үнэ өртөг дээр суурилж гардаг. Манай үйлдвэрийн зүгээс ч гэсэн иргэддээ хандаж бараа бүтээгдэхүүнийхээ үнээ тогтмол барьж чадна гэж мэдэгдэл хийсэн. Гэхдээ өртөг хамгийн чухал. Татвар нэмэхээр 800 гаруй мянган төгрөг болно. Ингээд гурилаа хийхээр зах зээл дээр хэчнээн төгрөгөөр зарах вэ. Тиймээс татварын асуудал дээр анхаарч өгөөч”.
“Алтанжолоо” группын захирал В.Энхбаатар “Манай охин компани болох “Сансар” сүлжээ дэлгүүр мэдэгдэл гаргасан. Халдвар гарсантай холбогдуулан стратегийн бараа бүтээгдэхүүн болох гурил, будаа зэрэг гэхээс биш бусад бараа бүтээгдэхүүнд 2-3 сарын нөөц бий гэж үзэж байна. Стратегийн бараа бүтээгдэхүүний нөөц хэр байгаа юм. Цаашид хэр хугацаанд татан авах боломжтой байгаа талаар мэдээлэл өгөөч. Хамгийн гол нь хүлээлт үүсээд байгаа нь шалтгаан нь алдагдал хүлээх зэрэг юм байна. Тиймээс энэ талаар яаралтай шийдэх хэрэгтэй. Гол нь Вьетнам, Хятад зэрэг улс үйлдвэрлэлээ зогсоосон үед хамгийн чухал. Ам.долларын үнэ сүүлийн хэдэн сард нэлээд өсч байна. Энэ нь импортод нөлөөлнө. ОХУ-д гэхэд ам.доллар сүүлийн 4-5 жил 60 рубльтэй тэнцэж байна. Урд хөрш удаан хугацаанд долларын ханшийг барьж чадаж байна. Гэтэл бараа бүтээгдэхүүн импортлогчдод ханшийн зөрүү их нөлөөлж байна”.
Б.Лхам
Сэтгэгдэл (9)