Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 10-нд орон даяар эхэлсэн. Үүнтэй холбоотой асуудлаар Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-ийн ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэн. Бүртгэлийн талаар мэдээлэл өгөөч. Системийн хувьд ачаалал хэр их байна вэ?
-Энэ оны хувьд 28 мянга гаруй төгсөгч шалгалтад оролцоно. Үүн дээр нэмэгдээд өмнө нь их, дээд сургууль элсэж чадаагүй 4000 орчим хүүхэд шалгалт өгөх байх гэсэн баримжаатай байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 10-нд эхэлсэн. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Өмнөх жилүүдийн бүртгэлийн байдлаас харахад гуравдугаар сар гаргаад идэвхтэй бүртгүүлж эхэлдэг юм. Боловсролын үнэлгээний төвийн хувьд бүртгэлийн системээ шинэчилсэн. Бүртгэл хийгдэхэд бэлэн байдалтай байна. Одоогийн байдлаар бүртгэл бага байна. Учир нь сургуулийн үйл ажиллагаа явахгүй байгаатай холбогдуулан хүүхдүүд багш нартайгаа зөвлөж чадаагүй байна.
-Монгол хэл, бичгийн шалгалт ямар журмаар явагдах юм бол. Төгсөгчид юун дээр голчлон анхаарах шаардлагатай вэ?
-Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцаж байгаа хүн бүр монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөхөөр заасан байдаг. Шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 13 хүртэл явагдана. Энэ жилийн монгол хэл, бичгийн шалгалтад одоо 12 дугаар анги төгсөх сурагчдыг автоматаар бүртгэнэ. Учир нь Боловсролын нэгдсэн удирдлагын санд бүх сурагчдын мэдээлэл бий учраас бүртгэл хийлгэх шаардлагагүй гэсэн үг. Харин өмнө нь төгссөн боловч их, дууд сургуульд элсэж чадаагүй хүмүүс дээр дурдсан хугацаанд амжиж заавал бүртгүүлэх ёстой. Монгол хэл, бичгийн эхний шалгалт гуравдугаар сарын 28-нд зохион байгуулагдана. БСШУСЯ-тай хамтран товоо гаргасан. Гэхдээ коронавирусын тархалт, дэгдэлттэй хамааран сунгагдаж магадгүй. 2018 оны тавдугаар сарын 3-нд Ерөнхийлөгчийн зарлигаар салбарын яамд энэ шалгалтыг босго оноотой явуулах чиглэл өгсөн. Мөн 2019 оны нэгдүгээр сарын 30-нд салбарын сайдын тушаалаар босго оноог 400 болгож тогтоосон. Шалгалтаар босго онооны болзол хангаагүй болон хүндэтгэх шалтгаанаар шалгалтад оролцоогүй хүүхдүүдээс дөрөвдүгээр сарын 25-нд давтан шалгалт авна. Монгол хэл, бичгийн болзлыг хангаж чадаагүй бол их, дээд сургуульд элсэхгүй байх нөхцөл байдал үүснэ. Тиймээс багш нар хүүхдүүддээ сайн анхаарах хэрэгтэй. Манай байгууллагаас төгсөгчдөд зориулан цуврал видео боловсруулж байршуулахаар ажиллаж байна. Үүгээр дамжуулан төгсөгчид санаа авч бэлдэж болох юм.
-Шалгалтын агуулгын хувьд ямар байх вэ?
-Шалгалтын агуулгыг тавдугаар сарын 15-нд олон нийтэд зарлана. Үүний дагуу багш, эцэг эхчүүд туршилтын дагуу хүүхдүүдээ бэлтгэнэ. Энэ жил төгсөж байгаа сурагчид бүрэн дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн хамгийн анхны төгсөгчид. Энэ хүүхдүүд заавал сонгох судлах хоёр хичээлийг судалдаг. Тиймээс шалгалтыг заавал судлах сэдвийн хүрээнд боловсруулна.
-Энэ жилийн хувьд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шалгалтын сэдвийг хөнгөрүүлэх болов уу гэсэн хүлээлт байх шиг байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ жилийн хувьд хичээл сургууль хэдийгээр завсардсан ч ТВ хичээл явагдаж байгаа. Ялангуяа 12 дугаар ангийн сурагчдад боломж гэж хүлээн авах хэрэгтэй. Учир нь 1-12 дугаар ангийн бүх хичээлийг нарийвчилсан, хялбаршуулсан байдлаар зааж байна. Тиймээс өнгөрснөө сэргээн санах боломж үүссэн гэж бодох хэрэгтэй. Шалгалт ирэх зургадугаар сарын 12-15-нд явуулахаар төлөвлөж байна. Сонгуулийн жил болон халдвартай холбогдуулан энэ хугацаанд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ бидний төлөвлөсөн зургадугаар сарын 12-15-нд гэхэд бүх сурагчид хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлчихсэн байна. Тиймээс шалгалтын агуулга хөнгөрөхгүй. Түүнчлэн хөл хориог хэсэгчилж биш орон даяар хийж байгаа учраас бүх хүүхдүүд ижил нөхцөлд бий шүү дээ.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын боловсруулалтыг хэрхэн хийх вэ?
-Тавдугаар сарын 15-нд шалгалтын агуулга ийм түвшинд байна гэдэг загвар гаргадаг. Дараа нь тухайн хичээлийн гурав гурван багш сонгон авч агуулгаа нарийвчилсан байдлаар хийнэ. Боловсруулалтыг цагдаагийн хамгаалалтад хийдэг учраас төдий чинээгээр нууцлалыг хангагдана гэж ойлгож болно. Шалгалтын сэдвийг зөвхөн Боловсролын үнэлгээний төв л хийдэг.
Б.Лхам