Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэгтэй ярилцлаа.
-Нийслэлийн хамгийн том дүүргийг удирдаж байгаагийн хувьд, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн даргаас өнгөрсөн онд хийсэн томоохон ажлуудын талаар ярилцлагаа эхлэе?
-Нийслэлийн хамгийн их хүн амтай манай дүүргийн хувьд амьдрал буцалсан дүүрэг гэж хэлж болно. Хүний хөл, хөдөлгөөн ихтэй байдгийн хэрээр гэмт хэргийн гаралт өндөртэй байсан. Тиймээс дүүргийнхээ иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангаж ажиллахын тулд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөрөө дамжуулан хэд хэдэн томоохон ажлуудыг хийлээ. Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулж, аюулгүй байдлыг нь хамгаалан ажиллаж байна.
Мөн дүүргийнхээ зүүн бүсийн хороодын гэмт хэрэг ихээр үйлдэгддэг 40 цэгт камер байршуулж, телекамерын хяналтын төв байгуулсан. Ер нь аливаа асуудлын шалтгаан, нөхцөлийг тодруулах нь шийдэл олох хамгийн том гарц байдаг. Тиймээс бид Дотоод хэргийн их сургуультай хамтран сүүлийн 3 жилд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дүн мэдээнд судалгаа, шинжилгээ хийлгэж, криминологи судалгааны зөвлөмж гаргасан байгаа. Зөвлөмжийн дагуу энэ онд дүүргийн гэмт хэргийн гаралтыг багасгах олон чухал ажлыг эхлүүлээд байна.
-2020 онд тэгвэл дүүргийн иргэдийн хувьд сайхан мэдээ ихтэй байх нь ээ?
-Тийм шүү. Бид Засаг даргын Тамгын газартай хамтраад дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудаа орчин тойрны аюулгүй байдлыг хангаж, гэрэлтүүлэг, камержуулалтаа сайжруулахыг уриалж, биднийг дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Оюутан эргүүл”, “Өсвөрийн сэргийлэгч”, “Хүүхэд хамгаалагч” зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна.
-Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол нутгийн өөрөө удирдах байгууллага байдаг. Тийм ч учраас Баянзүрх дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллагыг удирдаж байгаа тантай ярилцаж байгаагийн хувьд танай байгууллагын сониноос асуух хэрэгтэй гэж бодлоо?
-Манай дүүргийн Төлөөлөгч Д.Пүрэвдавааг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчөөр 2 дахиа сонгогдон, 8 дахь жилдээ нутгийн удирдлагыг бэхжүүлэх үйлсэд оруулж яваа хувь нэмрийг нь үнэлж, Монгол нутгийн удирдлагын холбооны дээд шагнал болох “Соёмбо” медалиар шагнасан байна. Энэ бол Пүрэвдаваа төдийгүй энэ салбарт зүтгэж яваа дүүргийн Төлөөлөгчдийн маань зүтгэлийг үнэлж байна гэж ойлгож байна.
-Дүүргийн АН-ын Иргэдийн хурлын төлөөлөгчид урамшууллаасаа татгалзаж, хороодоо Иргэний танхимтай болгож байсан гэдэг. Үнэхээр иргэддээ хүрсэн ажил болсон уу?
-Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дүүргийн иргэддээ шинээр гарсан хууль, тогтоомжийн мэдээллийг тогмол хүргэж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих амьдрах ухааны сургалтуудыг зохион байгуулж, гэр бүлийн сургалт, зөвлөгөө өгөхөөс эхлээд аливаа шийдвэр гаргахын өмнө иргэдээ сонсож, хороо бүрт байгаа Иргэний танхимаараа дамжуулан асуудлыг хэлэлцдэг болоод хэвшжээ. Өнгөрсөн онд гэхэд манай 28 хорооны иргэний танхимд давхардсан тоогоор 29 мянга гаруй иргэн үйлчлүүлжээ. Нээлттэй, ардчилсан дүүргийн хувьд иргэдтэйгээ нягт хамтран ажиллах нь бидний ажлын цөм болдог юм.
Сэтгэгдэл (2)