Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчлах гэж буйг Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь Ин мэдэгдсэн билээ. Айлчлалаар шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг хятадаас авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон нүүрс болон бусад бүтээгдэхүүний талаар хэлэлцэхээр төлөвлөснийг уг мэдэгдэлд дурдсан юм.
Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр "Ерөнхийлөгч өнөөдөр үдээс хойш БНХАУ-д очоод өдөртөө буцаж ирнэ. БНХАУ-д айлчлахын тулд Улсын онцгой комиссын даргаас зөвшөөрөл авах ёстой. Тэр зөвшөөрлийг сая өгч, гарын үсэг зурлаа. Нийт 10 гаруй хүн Ерөнхийлөгчийг дагалдан явах юм байна.
Ирснийх нь дараа халдвартай бүсээс ирсэн иргэдэд авч хэрэгжүүлдэг дүрэм, журам Ерөнхийлөгч болон дагалдан явсан бүрэлдэхүүнд үйлчилнэ. Оношилгоо, шинжилгээнд оруулж, 14 хоног тусгаарлана. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, Ерөнхийлөгч энэ айлчлал хийх шийдвэр гарсан байна" гэлээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (3)