Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг завшсан байж болзошгүй хэргээр тус сангийн дарга Ч.Алтанхуяг түүний удирдлага дор ажилладаг Б.Баярхүү нарыг өнгөрсөн 2019 оны есдүгээр сард 30 хоног цагдан хорьж шалгасан билээ.
Эдгээр хүмүүс нь тус сангийн чөлөөт үлдэгдэл болох 30 тэрбум төгрөгийг "Чингис хаан" банкинд байршуулахдаа хүүгийн орлого болох 86.2 сая төгрөг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээн, шалгаж байгаа талаар АТГ мэдээлж байсан юм. Ингэхдээ 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31-ний хооронд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож авсан бөгөөд “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн данснаас таван удаагийн гүйлгээгээр Ч.Алтанхуяг авсан нь ч нотлох баримтаар батлагдсан юм.
Ч.Алтанхуяг 2017 оноос эхлэн ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд үүнээс өмнө НДЕГ-т удирдах албан тушаал эрхэлдэг байсан нэгэн юм. Тэрбээр, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, 2018 онд 90 сая төгрөгийн орлого олсон гэсэн бол таван орон сууц, зуслангийн нэг байшин, үйлчилгээний зориулалттай талбай, дөрвөн авто зогсоолтой, тэдгээрийг 845 сая төгрөгийн өртгөөр үнэлжээ. Мөн 54 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 10 сая төгрөгийн үнэт зүйлтэй гэсэн бол харилцах дансандаа 194 сая, гадаад дансандаа 55 сая төгрөгтэй гэсэн байжээ.
Тэгвэл уг хэрэгт “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг мөн холбогдуулан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Ингэхдээ яллагдагч Ч.Алтанхуяг, С.Сандандорж нар хэргээ шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтийг нийслэлийн Прокурорт гаргасан байна. Уг хүсэлтийг прокурор хүлээн авч, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу энэ сарын 27-нд хэргийг хэлэлцэж, тэдгээрийг гэм буруутай гэж үзжээ.
Шүүхээс Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тус "Чингис хаан" банкинд байршуулах эрхийг гурван жилээр хасч, Гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасч, долоон сая төгрөгөөр торгох, ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуягийг мөн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.
Г.Маргад
Сэтгэгдэл (6)