Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Х. Намсараевын нэрэмжит Буриадын драмын эрдмийн театрын хамтын ажиллагааны хүрээнд А.С.Пушкины алдарт “Евгений Онегин” зохиолоос сэдэвлэсэн “Татьяна” жүжгийн төсөл амжилттай хэрэгжиж, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Буриадын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийхэд бэлэн боллоо.
Уг төслийн хүрээнд “Татьяна” жүжгийн Евгений дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Т.Сэргэлэн (СТА), Татьянагийн дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Золзаяа (СТА) нар тоглож, Буриадын драмын эрдмийн театрын уран бүтээлчидтэй хамтран ажилласан юм.
Энэхүү төсөл нь Монгол Улс болон ОХУ-ын соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр театрын уран бүтээлчдийн мэргэжлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй дэлхийн сонгодог бүтээлийг орчин үеийн тайзны шинэ шийдэл, тавилтаар үзэгчдийн хүртээл болгох зорилготой юм.
Хоёр орны театрын урлагийн бүтээлч хамтын ажиллагааны үр дүн болсон энэхүү бүтээл нь соёлын харилцааг гүнзгийрүүлэх, уран бүтээлчдийн туршлага солилцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.



















































