
МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, хүүхдийн зохиолч Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам ирэх арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод болно. Наадамд улсын хэмжээнд 12-17 насны хүүхдүүд оролцох боломжтой.
Хүүхдийн яруу найргийг хөгжүүлэх, өсвөр үеийнхний уран бүтээлийг дэмжих, уран зохиолын боловсролын ач тусыг олон нийтэд таниулах зорилготой “Мөнгөн морь” наадмыг зохион байгуулах гэж байна.
Наадамд оролцох хүсэлтэй 12-17 насны хүүхдүүд чөлөөт сэдвээр өөрийн бичсэн нэг шүлгээ 2026 оны аравдугаар сарын 25-ны 18:00 цаг хүртэл horjoontoizam@gmail.com цахим шуудангаар илгээх юм. Ирүүлсэн бүтээлүүдээс 25 оролцогчийг шалгаруулж, аравдугаар сарын 28-нд нэрсийг зарлахаар болжээ.
Наадам хоёр үе шаттай явагдана. Эхний шатанд ирүүлсэн бүтээлүүдээс 25 хүүхдийг шалгаруулах бол хоёрдугаар шатанд тэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах тайзны шалгаруулалтад оролцоно. Тайзны шалгаруулалт гурван даваатай бөгөөд шалгарсан хүүхдүүд чөлөөт сэдвээр өөрийн бичсэн гурван шүлгээ бэлтгэн ирэх шаардлагатай.
Наадмын тэргүүн байрт шалгарсан оролцогч хоёр сая төгрөг, “Мөнгөн морь” цом болон дурсгалын зүйлээр шагнуулна. Харин дэд байрт шалгарсан хүүхэд 1.5 сая төгрөг, гуравдугаар байрт шалгарсан хүүхэд нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх юм. Мөн тусгай байрын хоёр оролцогч тус бүр 500 мянган төгрөг болон дурсгалын зүйлээр шагнуулах аж. Түүнчлэн хамтран зохион байгуулагчдын нэрэмжит шагналууд олгоно.


Л.Баяр




















































