
Германы видео тоглоом хөгжүүлэгч, “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто таалал төгссөн гэх мэдээлэл цахим орчинд тархжээ. Түүний нас барсан шалтгаан болон хэрэг явдлын бүх нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагууд албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Отто дөнгөж 14 настай байхдаа “Stick Run” тоглоомыг бүтээжээ. Тус тоглоом 2010 онд Facebook платформд нэвтэрч, богино хугацаанд олон тоглогчийн сонирхлыг татсан юм. Энгийн удирдлага, хурдтай өрнөл, найзуудтайгаа хамт тоглох боломж нь түүнийг тухайн үеийн цахим тоглоомын ертөнцөд танигдахад нөлөөлжээ.
“Stick Run” нь дүрээ саад бэрхшээлээр дүүрэн замаар гүйлгэж, аль болох хол зай туулах зарчимтай тоглоом байв. Гаднаасаа энгийн мэт боловч тоглогчдыг дахин дахин тоглоход хүргэдэг сонирхолтой механик нь түүний гол онцлог байлаа.
Тоглоом дэлхий даяар 43 сая гаруй тоглогчтой болсон гэх мэдээлэл байдаг. Тиймээс “Stick Run” нь олон хүний хувьд зүгээр нэг цахим тоглоом бус, Facebook-ийн тоглоомууд эрчимтэй хөгжиж байсан үеийн хүүхэд нас, найз нөхөдтэйгөө өнгөрүүлсэн цаг хугацааны дурсамж болон үлджээ.
Мөн аравдугаар сарын 20–21-нд Оттотой холбоотой Twitch шууд дамжуулалтын үеэр ноцтой хэрэг явдал болсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан байна. Үүний дараа “Stick Run”-ийн баг түүнийг таалал төгссөнийг мэдэгдэж, хохирсон болон холбогдох хүмүүст хувийн орон зай, нууцлалыг нь хүндэтгэхийг олон нийтээс хүсжээ.
Л.Баяр





















































