
-Та “Starbucks”-ийг үндэслэгч биш байх аа?
-Таны зөв. Би 1982 оны намар “Starbucks”-д ажилтнаар орсон. Тэр үед тус компани үйлчилгээний дөрвөн цэгтэй байсан юм. Харин 1987 оны сүүлчээр би тус компанийг худалдаж авахад үйлчилгээний 11 салбартай, нийт 100 ажилтантай болсон байлаа. Анх “Starbucks”-ийг худалдаж авах санаа төрөхөд надад нэг ч доллар байгаагүй. Харин тэр жилдээ мэдэх мэдэхгүй олон хүмүүстэй уулзаж, хөрөнгө оруулагчдыг өөртөө татсанаар олон улсын брэндийг байгуулсан.
-Таныг кофений том компанийн эзэн болоход хүүхэд нас тань нөлөөлсөн гэж үнэн үү?
-Намайг “Starbucks”-д ажиллахаар ирэхэд тийм ч том компани байгаагүй шүү дээ. Би Нью-Йоркийн Брүклинд өссөн. Миний эцэг жилд 20 мянган долларын орлоготой жирийн нэгэн америк эр байсан. Би түүн шиг амьдрахыг огт хүсээгүй харин ч эцэгтээ юу чаддагаа харуулахыг ихэд хүссэн минь өдий өндөрлөгт хүрэхэд нэлээд нөлөөлсөн гэж боддог. Миний өдий хэмжээнд хүрсэн түүх минь орчин үеийн Америкийн мөрөөдөл гэж хэлж болно шүү.
-Таны эл компанид хийсэн зүйлс хэрхэн нөлөөлсөн бэ?
-Би 1989 болон 1990 онд зөвхөн “Starbucks”-т ч гэлтгүй америкийн олонхи компанид шинэчлэл авчирсан гэж боддог. Жишээ нь манай компани бүх ажилчиддаа тэр дундаа цагийн ажилтнуудынхаа эрүүл мэндийн даатгалд санаа тавих болсон нь бидний байгуулахыг хүсч байсан тэрхүү компанийн өнгө төрхийг бий болгосон гэж хэлмээр байна. Нэг үгээр хэлбэл миний эцгийн хэзээ ч ажиллаж боломжгүй компанийг байгуулсан юм.
-Танайх одоо хүртэл цагийн ажилтнуудынхаа даатгалыг даадаг. Өртөг өсч буй өнөө үед энэ бүхнийг хэвээр нь үлдээх хүндрэлтэй биш гэж үү?
-Бид санхүүгийн тайландаа сөрөг тэнцэтгэлтэй ажиллаагүй тохиолдолд даатгалын системээ өөрчлөхгүй. Манайд ажиллахыг хүссэн хэний ч өмнө бидний үүд хаалга нээлттэй гэмээр байна. Өнөөдөр АНУ-д 46-50 сая хүн ямар ч даатгалгүй амьдардаг гэсэн баримт бий. Бид энэ тоог цөөлөхийг хичээж ажиллах болно.

-Манай компани хэрэв цагийн ажилтнуудаа эрүүл мэндийн даатгалд хамруулдаггүй байсан бол бидний ашиг хоёр орноор нэмэгдэнэ гэдэг. Гэвч бид бол америк компани шүү дээ. Энэ улсад хүн бүр эрүүл мэндийн цогц үйлчилгээ авах эрхтэй байдаг юм.
-Гэхдээ та бизнесмэн хүн. Бизнесийн гол зарчим нь ашиг биш гэж үү?
-Мэдээж ашиг хамгийн чухал. Харин “Starbucks”-ийн хувьд зөвхөн ашиг гэхээс гадна олон нийтийг ажлын байраар хангах, тэдэнд амьдралын баталгаа бий болгох нь үүнээс ч чухал юм шүү дээ. Одоогийн байдлаар манай компани олж буй ашгаараа өөрсдийгөө болгоод л байна. Хэн ч цалин бага байна гэж гомдлоогүй.
-Тэгэхээр таны амьдралд мөнгө асуудал биш болж, таны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлсөн гэж ойлгож болох уу?
-Тийм. Надад одоо мөнгө тийм ч сонин биш. Харин хэчнээн хүнд тус хүргэж, хэчнээн хүнийг хоолтой болгож чадах минь сонирхол татах болсон.
-Та анх “Starbucks”-д ороод, дараа нь худалдаж авсныхаа дараа ч компанийн ирээдүйн талаар төсөөлдөг байсан байх. Тэр төсөөлөл тань хэрэгжсэн болов уу?
-Мэдээж. Үнэндээ бид “Starbucks”-ийг томоохон нэр хүндтэй 50 оронд салбартай нүсэр компани болно гэж огт төсөөлөөгүй. Тэр байтугай 15 жилийн өмнө Хойд Америкаас гадагш анх удаа буюу Японы Токио хотод салбараа нээх үед хэрэв хэн нэгэн манай компанийг хэзээ нэгэн цагт 50 улсад 17 мянган салбартай болно гэж хэлсэн бол бид түүнд итгэхгүй байсан. Миний бодлоор манай компани бидний төсөөлж байснаас ч илүү амжилтад хүрсэн шүү.
-Таны бодлоор бахархал, омогшил хоёр юугаараа ялгаатай вэ?
-Хэрэв хүн өөртөө тавьсан зорилгодоо хүрч чадсан бол бахархах нь зүйн хэрэг. Харин бусдын хийж чаддаг зүйлийг бусдаас илүү хялбар аргаар, түргэн хугацаанд, шинэ санаагаар баяжуулан хийж чадсан бол омогшил гэж ойлгодог.
-Магадгүй би энэ асуултыг ярилцлагынхаа эхэнд тавих ёстой байсан байх. Яагаад кофе гэж?
-Хэрэв хүн амжилтанд хүрэхийг хүсвэл хүч үзэх талбараа зөв сонгох хэрэгтэй. Сонгосон салбартаа ажиллаж, үүнээсээ таашаал авч байх нь хамгийн чухал. Миний хувьд би кофег сонгосон. Кофе хүмүүсийг нэгтгэж, нэг дор цуглуулж чаддаг шидэт ундаа. Олон зуун жилийн турш кофег судалж, шинжилсээр ирсэн шүү дээ. Хэрэв кофег сонгоогүй бол би амжилтад хүрэх байсан болов уу, хэрэв кофе биш юм бол өөр юуг сонгож ажиллах байсан бол гэсэн асуултыг надаас олон ч хүн асуудаг, би ч өөрөөсөө олон асуусан. Хариулт нь “мэдэхгүй” гэсэн үг байдаг юм.